Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд энэ онд долоон байршилд зам, замын байгууламж барьж буй. Үүний нэг нь Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрний барилгын ажил юм. Үүнийг ашиглалтад оруулснаар Яармагийн түгжрэл 50, Сонсголонгийн замын түгжрэл 11 хувиар буурах боломжтой гэж мэргэжилтнүүд мэдээлсэн. Эл гүүрэн байгууламж нь улсын хэмжээнд хамгийн өргөнд тооцогдох бол уртаараа хоёрт орох гэнэ. Тодруулбал, зургаан эгнээтэй, нийт 483 метр урт гүүрэн байгууламжийг нийслэлийн төсвийн 77 тэрбумын хөрөнгөөр барьж буй. Замын байгууламж нь 44 тэрбум төгрөгийн өртөгтэй аж. Энэ нь гурван гүүр болон холбоос авто замуудаас бүрдэх юм байна. Үүний нэгдүгээр хэсгийн ажлын дуусах хугацаа нь гэрээний дагуу бол ирэх аравдугаар сарын 1 гэнэ. Уг гүүрэн байгууламжийг гурван компани хамтран барьж буй юм. Тэд ажлаа зэрэг эхэлжээ. Тодруулбал, “Туулын гүүр далай” 36, “Мотор сервис” 391, “Тэргүүн саруул зам” компанийнхан 54 метр гүүр барьж байгаа аж. Эдгээр гүүрний холбоос авто замын ажлыг ч мөн эхлүүлсэн бөгөөд үүнийг “Тотал инж” компанийнхан 17 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж буй гэнэ. Энэ хүү ажлын явцыг сурвалжиллаа.
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Номин супермаркет”-ын зүүн талаар хойш эргэхэд гүүр барих ажил үргэлжилж байгаа харагдав. Эхний кэмпэд “Туулын гүүр далай” ХХК-ийнхан байрладаг аж. Тус компанийн ерөнхий инженер “Гүүрний дам нурууг угсарсан. Ажлын явц 90 хувьтай байгаа. Одоо гүүрний зорчих хэсэг буюу явах ангийн бетон хашлага, хайс хийх ажил үлдсэн. Талбай дээр хийх бүх ажлыг дуусгаад байна. Өнгөрсөн сард үерийн үеэр манай кэмп усанд боогдсон. Өндөрлөг газарт барьсан боловч ус орсон. Энэ хугацаанд ажил саатсан ч дам нуруугаа босгож чадлаа. Манай компанийнхны барьж буй гүүрнээс урагш 120-иод метр авто зам барьж эхэлсэн” гэсэн юм.
Эднийхээс холгүй зайд “Мотор сервис” компанийнхан байрлажээ. Тэд Туул гол дээгүүр 391 метр урт гүүр барьж буй аж. Кэмпийнх нь хажууд байрлах бэлдцийн талбайд таван ажилчин байв. Тэд “Дамнуургыг цутгаж байна. Дараа нь гүүр лүү зөөнө дөө” гэв. Ажилчид ковш, экскаватор, кран зэрэг машин механизм ашиглан ажлаа гүйцэтгэж байлаа. Тэдний зарим нь гол дээр завсрын тулгуурын хэв хашмал бэхэлж байхад нэг хэсэг нь арматур зангидах зэрэг ажил хийж байв. Улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож буйдаа сэтгэл хангалуун, урам зоригтой ажиллаж байгаагаа тэд хэлсэн. Гурван компанийн нийт 200-гаад ажилчин 100 орчим техниктэйгээр гүүр барих ажилд оролцож буй юм билээ.
“Мотор сервис” компанийн ерөнхий инженер П.Норовсүрэнгээс уг ажлыг хэзээ дуусгах талаар тодруулахад “Гүүрний өргөн 31 метр. Орчин үеийн шон тулгуурт суурьтай, төмөр бетон гүүр юм. Гурван компанийнхан ажлаа гэрээнд заасан хугацаанд дуусгах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Манай ихэнх ажилчин эндээ байрладаг. Одоогоор ажлын явц 60 гаруй хувьтай байна. Гэрээнд зааснаар бол аравдугаар сард ажлаа дуусгах учиртай. Өнгөрсөн сард үерээс болж түр зам, гүүр эвдэрсэн. Үүнийг засах, далан босгох, усны хамгаалалт хийх гэж нэлээд хугацаа алдлаа. Голын усны түвшин өдгөө буурсан. Одоогоор арматур зангидаж, хэв хашмал угсарч байна. Үүний дараа бетоноо цутгаад, дам нуруу хучих ажил хийнэ. Үйлдвэрээс захиалгаар бетон цутгах бэлдэц ирдэг. Мөн 30 метр хүчитгэсэн I хэлбэрийн дам нуруутай. 30 метрийн дам нурууг 13 алгасалтай байрлуулсан. Нийт 14 тулгууртай” гэв. Тус компанийг 1992 онд байгуулсан бөгөөд 2012 оноос хойш зам, гүүрний ажил гүйцэтгэж байгаа аж. Өмнө нь Сэлбэ, Шарга морьт, Хайлаастын гүүрийг барихад оролцсон туршлагатай гэнэ. Тэдний барьж буй гүүр 20 метр шон тулгуурт суурьтай учраас хүчтэй үерт урсахгүй, найдвартай, олон жилийн баталгаатай гэдгийг онцолж байлаа.
“Интернэшнл дриллинг” компанийн захирал Ц.Банзрагчаас тэнд ажиллаж байхад нь зарим зүйл тодруулсан юм. Эл компани нь гүүр барихад оролцож буй туслан гүйцэтгэгчдийн нэг аж. Тэрбээр “Бид энэ гүүрний 300 орчим тулгуурын суурийг сүүлийн үеийн тусгай зориулалтын машинаар өрөмдсөн. Ажлаа 100 хувь дуусгасан. Ерөнхий гүйцэтгэгч компанийн удирдлагад ажиллалаа. Манай хамт олон ажлаа хоёр сарын хугацаанд хийж дуусгасан. Энэ том бүтээн байгуулалтад туршлага, ур чадвараараа дэм болсондоо баяртай байна” гэв.
Дараагийн кэмпэд “Тотал инж” компанийн замын ажилчид байрлаж байлаа. Гүүрнүүдийн холбоос замын ажлын тендерт тус компани гүйцэтгэгчээр шалгарчээ. Тэд 20-иод хоногийн өмнөөс ажлаа эхэлсэн гэнэ. Хамгийн эхний гүүрнээс урагш буюу Наадамчдын замаас Эрчим хүчний гудамж хүртэл нийт 2.6 км зам бий. Үүний 1.1 км замыг нь тус компанийнхан барих аж. Үлдсэн замын ажлын гүйцэтгэгч энэ сарын 28-нд тодрох нь. Тус компанийнхан “Одоогоор дөрвөн инженер, 20-иод ажилчин, 30-аад техниктэйгээр далангийн болон газар шорооны ажил хийж байна. Замын эхний хэсэг “ДЦС-4” буюу Эрчим хүчний гудамж хүртэл үргэлжлэх юм” гэж тайлбарлав.
Тэгвэл “Тэргүүн саруул зам” компанийнхан Дунд гол дээр 54.8 метр урт гүүр барьж байв. Тэднийх 2006 оноос гүүр барих чиглэлээр дагнан ажиллаж буй гэнэ. Бас энэ чиглэлээр нэлээд туршлага хуримтлуулснаа ч тус компанийнхан мэдээлсэн юм. Тухайлбал, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд 254 метр гүүрийг зургаан сарын хугацаанд барьж дуусгажээ. Үерээс өмнө гүүрээ угсраад дууссан учраас хүндрэл бараг гараагүй аж. Өдгөө явган хүний зам, хайс барих ажил үргэлжилж буй гэнэ. Ажлын явц нь 96 хувьтай байлаа.