Улаанбаатар хотын автобусны эцсийн нэг буудлаас нийтийн тээврийн 3-4 чиглэлийн 50 гаруй жолооч болон иргэд үйлчилгээ авдаг гэнэ. Гэтэл тэнд бие засах газраас эхлээд ая тухтай үйлчилгээ авах дэлгүүр ховор байдаг. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг хариуцуулахаар өнгөрсөн тавдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас зарлажээ. Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт, үйлчилгээг нь гурван жилийн хугацаанд хариуцахаар болсон байна. Уг ажлын хүрээнд Шар хад, Нисэх, Баянхошуу, Дэнжийн мянга дахь эцсийн зогсоолыг тохижуулах ажлыг эхлүүлжээ.
Тэдгээрээс Дэнжийн мянгын эцсийн зогсоолыг өчигдөр ашиглалтад орууллаа. Энэ нь тус дэлгүүрийн 217, үүнээс автобусны эцсийн зогсоолд байгуулсан анхны салбар гэнэ. Уг салбарын онцлог нь хотын захын хэрэглэгчдэд илүү ойртож байгаа юм. Мөн 24 цагаар ажиллах учраас эцсийн буудалд ирсэн жолооч нар орж амарч, хооллох бүрэн боломжтой гэнэ. Тус дэлгүүрийнхэн мод тарьж, ойр орчиндоо ногоон байгууламж бий болгожээ. Автобусны эцсийн буудалд байгуулах бусад салбарт өндөр настан, хүүхэд багачууд суух боломжтой сандал байршуулахаас гадна нийтийн эзэмшлийн талбайн өнгийг сэргээн сайжруулах ажлуудыг хийж буй юм байна. Таван буудлыг тохижуулахад тус компани нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулах аж. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Тухайн байршлуудын нийтийн бие засах газар 24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд арчлалт, цэвэрлэгээг тус компани бүрэн хариуцна” гэв.