“Зун ажил хөөцөлдөхөд төрийн байгууллагынхнаас “Би мэдэхгүй, маргаашаас амрах гэж байна”, “Би мэдэхгүй, амарч байгаад дөнгөж сая орж ирлээ”, “Би мэдэхгүй, мэддэг хүн нь амарчихсан” гэсэн гурван төрлийн л хариулт сонсоно”. Өнөөгийн монголчуудын нийтлэг алдаа дутагдлыг далд утгаар шоглон шүүмжилсэн ийм нэг егөөдлийг сонсоогүй хүн энэ цагт ховор болов уу. Бас үүнтэй санал нийлэх, амьдрал дээр ч өч төчнөөн удаа ийм хариулт сонссон нь цөөнгүй байх. Ерөөс монголчууд урин дулааны улирлыг бүх нийтийн амралт, найр наадам, аялал зугаалгынх хэмээн тунхаглачихсан гэлтэй налайж, тааваараа өнгөрүүлдэг болоод удлаа. Үүнээс болж төрийн, улсын ажил шат шатандаа удааширч, саатаж, замхарч байна. “Монголд зун ажил хийдэг хүн байдаггүй” гэдэг үг ч оргүй хоосноос бий болсон зүйл биш гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч эхлэв. Ямар сайндаа л төрийн албан хаагчдын нийтлэг гаргадаг үйлдэл, хэлдэг үгэнд дөрөөлөн нийгмээрээ тэднийг ийн шоглох вэ дээ.
...Харамсалтай нь, манай улсын бүх шатны байгууллагад төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хүргэх бодлого, хөдөлмөрийн хуваарилалт, хүний нөөцийн удирдлага гэдэг зүйл алга. Энэ талаар ам нээж, асуудал дэвшүүлэхээр л “Ийм их стресс бухимдалтай, агаар, орчны бохирдолтой хотод амьдардаг хүмүүс зуны гуравхан сард хөдөө хээр хөндлөн гулд аялж зугаалалгүй яах вэ” гэж өөрсдийгөө өмөөрч, хаацайлдаг тайлбартай ч болж...
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бол ажилтан жилд нэг удаа ээлжийн амралтаа авах эрхтэй. Энэхүү амралтын хугацаа нь ажлын 15 өдөр бөгөөд хөдөлмөр эрхэлсэн жил, ажиллах нөхцөл зэргээс хамаараад үүн дээр тодорхой хоног нэмэгддэг. Амралт хоорондын хугацаа хуульд заасантай нийцэж байвал ажил эрхлэгч жилийн хэдийд ч энэ эрхээ эдлэх боломжтой. Заавал зун амрах ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт, хатуу заалт байхгүй. Гэтэл монголчууд урин дулааны улиралд л амрах ёстой юм шиг аягладгаас энэ үеэр ажил хийх хүн олддоггүй. Үүнийг далимдуулан урт амралт эдэлдэг, ажлаа цалгардуулдаг тохиолдол ч түгээмэл. Аймаг, сумын түүхэн ой, наадам, ургийн баяр, тайлга тахилга зэргээр далимдуулан нутаг нутгаар хэсэж явдаг нь ч олон. Уг нь ийм хийдэл гаргахгүй байх тал дээр байгууллагууд дор бүрнээ анхаарч, зохион байгуулалт, менежмент хийх боломжтой. Ялангуяа төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй, тасралтгүй үзүүлэх чиг үүрэг хүлээсэн байгууллагууд энэ үед арай ондоо зохион байгуулалтаар ажиллаж, бусдадаа үлгэрлэх ёстой санагддаг юм. Харамсалтай нь, манай улсын бүх шатны байгууллагад төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хүргэх бодлого, хөдөлмөрийн хуваарилалт, хүний нөөцийн удирдлага гэдэг зүйл алга. Энэ талаар ам нээж, асуудал дэвшүүлэхээр л “Ийм их стресс бухимдалтай, агаар, орчны бохирдолтой хотод амьдардаг хүмүүс зуны гуравхан сард хөдөө хээр хөндлөн гулд аялж зугаалалгүй яах вэ” гэж өөрсдийгөө өмөөрч, хаацайлдаг тайлбартай ч болж.
Уг нь бол хөдөлмөр эрхлэгч ээлжийн амралтаа авсан тохиолдолд түүний хариуцсан, хүлээсэн чиг үүргийн ажлыг өөр нэг нь орлон гүйцэтгэж байх ёстой. Харин Монголд ийм зохицуулалт байдаггүйгээс амралтаа авсан хүний суудал, орон тоо хоосорч үлддэг. “Энэ дарга, тэр мэргэжилтэн маань амарсан учраас ...” гэсэн элдэв шалтаг, зовлонг үйлчлүүлэхээр ирсэн хүмүүст тоочдог. Иргэдийг дүүргээс дүүрэг, хорооноос хороо, байгууллагаас байгууллага руу явуулж, чирэгдэл учруулах нь энүүхэнд.
Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдах багачуудыг цахимаар бүртгэж эхлэх үед БШУЯ-наас заасан хугацаанд амжиж оршин суух хаягаа шилжүүлэх гэтэл яг энэ шалтгаанаас үүдэлтэй бөөн асуудал үүссэн юм. Иргэний үнэмлэхийн хуулбар, банканд хураамж төлсөн баримт, гараар бичсэн өргөдөл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гээд шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлээд очтол улсын бүртгэгч нь ээлжийн амралтаа авсан байлаа. Гэтэл түүний ажлыг давхар хариуцаж байсан мэргэжилтний ар гэрт гачигдал гарсан учраас бүртгэл хийх хүнгүй болжээ. Ингээд хоёр ч өглөө ажлаа хойш тавин байж тус хороонд очсоны хэрэг гараагүй. Эцэст нь хорооны дарга нь утсаар холбогдож “Манайд хамаарах шилжилт хөдөлгөөнийг өөр хорооны улсын бүртгэлийн ажилтан түр хугацаанд хариуцахаар боллоо. Та тэнд очоорой” гэснээр дахин тийш зүглэх шаардлагагүй болсон. Гэсэн ч өмнө нь огт очиж байгаагүй, арай зайдуу өөр нэг газар луу явах хэрэг гарч билээ. Тэндхийн ажилтнуудын ярьснаар бол хороод аргагүй байдалд орсон ийм үедээ нэгэндээ чиг үүргээ түр хугацаагаар шилжүүлдэг юм байх. Уг нь шилжин очих хорооныхоо ажилтанд эхнээсээ ямар нэг асуудалгүй бүртгүүлсэн бол ингэж өдөр алдаж, нааш цааш явахгүй, бусдыг царайчлахгүй байлаа. Энэ нь төрийн байгууллагуудын өнөөх л зохион байгуулалтгүй, ажлаа цалгардуулдаг байдлын нэг жишээ юм. Хүний амь, эрүүл мэндтэй холбоотой, хамгийн хариуцлагатай ажил эрхэлдэг эмнэлгийн байгууллагынхны дунд ч ийм хийдэл өчнөөн гардаг гэхээр төсөөлөхийн аргагүй.
Ийм байдалтай нүүр тулсан нэгэн иргэн “Улсын эмнэлгүүдийн эмч нарын олонх нь ээлжийн амралтаа авчихаж. Хамгийн хачирхалтай нь тэднийг орлох хүн алга. Зарим эмнэлэг мэс заслын боолт хийдэг ганцхан эмчтэй, тэр нь амарсан гээд өвчтөнүүдээ хотын төвөөс хаа байсан Дарь-Эх рүү явуулж байна. Дүүргийн амбулаториуд бүгд боловсон хүчний хомсдолтой. Залуу, шинэ эмч нар нь ачааллаа дийлэхгүй шахам ажиллаж байхад олон жилийн туршлагатай, ахмадууд нь тэтгэвэр, тэтгэмж яриад, айраг уугаад сууж байх юм. Уг нь ажлын ачааллаа бодвол өвчтөнүүдээ хуваарилж аваад, дор нь үзчихмээр харагдах. Дугаарлаж суусаар байтал цайны цаг нь болоод, хамаг өрөөнүүдээ түгжээд явах вий” хэмээн төрийн байгууллагуудын, тэнд ажиллагсдын нийтлэг хандлагыг олон нийтийн сүлжээнд хуваалцсан байв. Нээрэн л улсын байгууллагаар үйлчлүүлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол ээлжийн амралт, цайны цаг байдаг.
Төрийн байгууллагынхны энэ назгай байдал сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэхэд ч ихээхэн саад бэрхшээл болж байна. Мэдээ, мэдээлэл авахаар холбогдсон хүмүүсийн олонх нь ижил шалтаг тоочоостой. Заримд нь хэвлэл мэдээллийнхнээс “зай барих” шалтаг ч болж байх шиг. Уржигдар гэхэд хоёр газраас мэдээлэл авахаар холбогдоод ийм хариулт сонсов. Нисэх буудлаас хотын төв рүү явуулж буй цахилгаан автобусны хүртээмжтэй холбоотой зарим зүйлийг тодруулахаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдтол яг энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн амарчихсан болж таарав. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалтын саналыг иргэдээс авсан, үүнийг нэгтгэж боловсруулах үүрэг хүлээсэн нийслэлийн мэргэжилтнүүд бас л байсангүй. Уг нь тэд нийслэл, орон нутгийн иргэдийн саналыг долдугаар сарын 1 гэхэд нэгтгэж, олон нийтэд мэдээлнэ хэмээн сар гаруйн өмнө хэлсэн юм. Даанч энэ нь зуны зугаалга, найр наадмын сүүдэрт замхарчихсан бололтой.
Их сургуулийн нэгэн багш минь хичээл номдоо шамддаггүй оюутнуудын нийтлэг хандлагыг шүүмжлэхдээ “Намаржин наргичихаад хаваржин хорчийдог” хэмээн хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Эл үгийг зөвхөн оюутнуудад ч бус, монголчуудад нийтэд нь хамааруулж хэлэхээр болжээ. Энэ их амралт, аялал, найр наадмын үеэр хийдүүлсэн ажил, алдагдсан боломжийн өртгийг тооцвол багагүй тоо гарах нь дамжиггүй.