Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхэд уруйн үер бууснаас дөрвөн хүний амь үрэгдэж, олон айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирсон. Үерт 360 айл өртсөн бөгөөд 21, 27, 29 дүгээр хороонд оршин суугчид илүүтэй хохироод буй юм. Орон гэр нь үерт өрсөн айлуудаас 47 нь газрын зөвшөөрөлгүй гэнэ. Тэднээс эхний ээлжид 20 айлыг Богдын давааны орчмын таван га газарт нүүлгэн шилжүүлж, бүрэн тавилгатай гэр олгосон байна. Өнгөрөгч баасан гарагт Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Үлдсэн 27 өрхөд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар гэр олгоно” хэмээн мэдээлсэн юм.
Үерт өртсөн иргэдийг түр хамгаалах байрыг ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд нээсэн билээ. Нийслэл болон Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб ч тус сургуульд байрлан ажиллаж буй юм. Үерийн дараах сэргээн босголтын хүрээнд ямар ажлууд хийж байгааг тодруулахаар тус штабт очлоо.
“Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, албаны бусад хүн одоогоор энд ажиллаж байна. Үерт өртсөн иргэд өргөдөл, гомдлоо онцгой байдлын алба хаагчдад өгч байгаа. Түр хамгаалах байрыг удахгүй татан буулгана. Иргэдийн хоол хүнс, хувцас зэрэг хангамжийг цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хорооныхон хариуцах юм” гэж түр хамгаалах байранд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид хэллээ.
“ХАНДИВ ХҮССЭН ИРГЭД ИРСЭЭР БАЙГАА”
Хохирол их амссан газруудын нөхцөл байдлын талаар тодруулахаар зарим хороонд очлоо. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Р.Эрдэнэзаяа нөхцөл байдлын талаар “Манай хорооны 10 айлын гэр үерт урссан. Үерийн дараа машин байтугай хүн явахын аргагүй болсон шүү дээ. Эндхийн замыг гурав хоног хааж, тэдгээрт тогтсон лаг шавруудыг цэвэрлэж, ачлаа. Айлуудын хашаан дахь лаг шаврын зузаан нь 10-30 см байна. Үүнийг цэвэрлэх ажил одоогоор 90 хувьтай. Ариутгалыг өдөрт хоёр удаа хийж байгаа. Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэх, өөр газар луу шилжүүлэх ажил эхэлсэн. Иргэдийн санал, гомдлыг өөрсдөөр нь бичүүлж, зургийн хамт баталгаажуулж авлаа. Хандив өгч, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй төрийн бус байгууллага болон иргэд бидэнтэй холбогдсоор байна” гэлээ.
Нийслэлийн Улаан загалмайн хорооны аргазүйч А.Соёлоо “Манайх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийнхөнтэй хамтраад түр хамгаалах байранд тав хоногийн хугацаанд 189 хүнд үйлчиллээ. Тэдний дотор хүүхэд 14, өндөр настан гурав, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн байсан. Тэдэнд эд материалын болон сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүллээ. Тэд одоо гэртээ харьсан. Тиймээс бид хандивын эд зүйлсийг хүлээн авахаа зогсоолоо. Сүүлийн 2-3 хоногт түр хамгаалах байранд ирсэн иргэд голдуу эд зүйлийн тусламж хүссэн. Тухайлбал, айлуудад хөнжил, гудас, тавилга хэрэгтэй гэлээ. Цаашид хорооныхон нь тэдэнд үргэлжлүүлэн дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ. Харин бид олон хүүхэдтэй өрхүүдэд биечлэн очиж, хүнсний багц, хичээлийн хэрэгсэл, хувцас зэргийг өгч байгаа. Мөн сайн дурын хүмүүс зарим айлд очиж тусламж өгч байна” хэмээн мэдээлэв.
АРИУТГАЛ ХИЙЖ ЭХЭЛСЭН Ч АГААРЫН БОХИРДОЛ ИХТЭЙ БАЙНА
Тус хорооны байрнаас гарч, зам даган явахад том, жижиг машинууд тасралтгүй сүлжилдэж байлаа. Ихэнх айлын гадна иргэд хэсэг хэсгээрээ ажиллаж буй харагдсан. Лаг шаврыг цэвэрлэж дууссан гэх боловч замын ойролцоо явахад нарийн тоос босож, эвгүй үнэр ханхалж байв. Хамгаалах хувцастай 4-5 ажилтан ариутгал хийж явахтай таарлаа. Тэд “25 дугаар хорооны өрхийн эмнэлэгт 10-17 дугаар хорооноос нэмэлт хүч ирж, энэ хавийн аж ахуйн нэгжүүдэд ариутгал хийн, зөвлөмж хүргүүлж байна” гэсэн юм. Мөн 127 дугаар сургуулийн гадна “Жоби констракшн” компаниас албаны хүмүүст ариутгалын бүтээгдэхүүн 500 литрийг хандивлаж байхтай таарав. Таван литр ийм бодисоор 100 ам метр газрыг ариутгах боломжтойг тус компанийнхан холбогдох мэргэжилтнүүдэд тайлбарлаж байлаа. Агаарын бохирдол их, тоос шороо боссон атал амны хаалт зүүсэн иргэн ховор харагдсан. Тааралдсан иргэд “Үерийн үеэр энэ хавийн айлуудын жорлон бүгд хальсан” гэж байв. Лаг шавар, хог ачсан машинууд үе үе зорчиж, зам дагуух айлууд гэрийнхээ унь, тооно, тавилга зэргийг гадаа гаргачихсан, хатааж байх аж.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаныхан “21, 27 дугаар хороонд цэвэрлэгээ хийгээд дууссан. Үерийн дараах сэргээн босголтын гол ажлуудын явц 96 хувьтай байна. Одоогоор 29 дүгээр хорооны хэсэг айлын болон Сэлбэ голын ай сав газрын лаг шавар, хогийг цэвэрлэх ажил дутуу. Үлдсэн газрууд нь усны ундаргатай, лаг шавар ихтэй учир хайрга, шороо асгасны дараа цэвэрлэхгүй бол машин байтугай хүн очиход хүндрэлтэй байна” гэв. Үүний дараа үерт өртсөн бүсийн зарим оршин суугчтай уулзсан юм.
ОЛОН ХҮНТЭЙ УУЛЗСАНЫ ЭЦЭСТ АСУУДЛАА ШИЙДВЭРЛҮҮЛЖ ЧАДЛАА
Ч.НАРАНЦЭЦЭГ (21 дүгээр хорооны иргэн):
-Манайх Богдын давааны орчимд 20-иод жил амьдарч байна. 10 орчим жилийн өмнө гахай маллаж байлаа. 2005 онд энд аж ахуй эрхлүүлэхгүй байх шийдвэрийг албаныхан гаргаж, бидэнд нүүх мэдэгдэл өгсөн юм. Ингээд аргагүйн эрхэд гахайнуудаа зарсан. Одоо хашаандаа ногоо, жимсний суулгац болон мод тарьж байгаа. Үерээр манайх руу ус ороод, гэр маань хөдөлж, шалны дэвсгэрүүд хөвөөд ирсэн. Манайх үерийн амнаас 500 гаруй метрийн зайтай шүү дээ. Уг нь энд маш гүн жалга байсан юм. Гэтэл жалганы аманд чулуу овоорсноос ус шууд урсахгүй, айлууд руу орсон гэж бодож байна. “Жалганы аман дахь чулууг зайлуулж өгөөч, би дийлэхгүй нь” гэж онцгой байдлын байгууллагын 105 дугаарын утсанд дуудлага өгч байсан. Гэтэл хэн ч ирээгүй. Харин ч том машинаар хог авчирч, жалганд асгаад, улмаар шороогоор дүүргээд, дээр нь айл буулгаад л байлаа. Түүнийг нь хэн ч тоогоогүй, хяналт тавиагүйгээс болж олон айл хохирлоо. Би эл асуудлыг шийдүүлэхээр олон хоног явж, цөөнгүй хүнтэй уулзсаны эцэст Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ойлгож, газар дээр нь ирж, нөхцөл байдлыг харлаа. Улмаар маргааш нь техник хэрэгсэлтэй хоёр хүн ирж, гуу, жалгыг цэвэрлэсэн.
ДҮҮРГИЙН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ
Ж.ГҮРДАГВА (Бага Дарь-Эхийн оршин суугч):
-Манайх энэ хашаа, байшинг 2015 онд худалдаж авсан юм. Засмал замтайгаа залгаа шахам байрладаг гэхэд болно. Гүйдэг хаалгатай, төмөр хашаа маань үерт урссан. Байшин цонхны хэсгээрээ цөмрөөд, гэрт 60 см-ийн гүн ус тогтлоо. Энд амьдрах аргагүй болсон. Бас засах арга алга. Тиймээс захаас нь буулгаж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай уулзахад, өргөдөл, саналаа бичээд өгчих гэсэн. Гэтэл хохирлын үнэлгээний дүгнэлтээр бол байшин урсаагүй тул буцалтгүй тусламж олгохгүй гэсэн сураг сонсогдлоо. Ер нь үерт өртсөн иргэд хохирлоо барагдуулахын тулд их л олон шат дамжлагаар явах шинжтэй. Эрх мэдэлтнүүдийн зарим нь хохирол барагдуулна гэж ярьсан. Гэтэл зарим нь барагдуулах боломжгүй, тийм хууль, эрх зүйн орчин байхгүй гэж хэлж байгаа. Хохирол барагдуулж чадах, эсэхээ эртхэн хэлчихвэл сайн байна. Тэгвэл хувь хүмүүс энд тэнд, янз бүрийн байгууллага дээр очиж дугаарлахгүй, цаг заваа үрэхгүй, өөрсдөө эртхэн учраа олно шүү дээ. Хичээлийн шинэ жил эхлэх цаг ойртлоо. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүйтэн сэрүүний улирал ч удахгүй эхлэх нь. Ах, дүү, найз нөхөд ирж тусалж л байна. Хашаан дахь лаг шаврыг цэрэг, цагдаагийн алба хаагчид цэвэрлэж өгсөнд баярлалаа. Үерийн бүсэд хууль бусаар газар олгосон Засаг дарга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг төр, засаг ярьж байгаа гэж сонссон. Үерийн даланг шороогоор дүүргэн, айл бууж байхад хяналт тавьж, таслан зогсоож чадаагүй дүүргийн болон нийслэлийн Засаг дарга нарт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.