Монголын говиос тамгатай догшин ноён хутагт ес тодорсон. Тэднээс хамгийн гоц, сонирхолтой дүр нь V догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа байсан гэдэг. Түүний бүтээл, туурвилууд Монголд төдийгүй дэлхийн сонорт хүрч, олон улс хүлээн зөвшөөрсөн. Үүний нотолж, ЮНЕСКО-гоос Данзанравжаагийн жанч халсны 150 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэх тогтоол гаргаж байжээ. Түүнчлэн V догшин ноён хутагтын мэндэлсний тэгш ойг таван жил тутамд тэмдэглэх тогтоолыг ч манай Засгийн газраас гаргасан юм. Үүний дагуу говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн 190, 195, 200, 210, 215 жилийн ойг тэмдэглэж байв. Тэгвэл өнөө жил их хүмүүний мэлмий гийсний 220 жилийн ойг Дорноговь аймгийн Сайншанд сумд өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ.
Театрын урлаг анх үүссэн, халуун сэтгэлт зон олны өлгий гэсэндээ наадмын нээлт чамбай, гайхалтай болсныг эхлээд тэмдэглэе. Бурхан зэргээр тодорсон хувилгаан гэгддэг Д.Данзанравжаагийн гурван шүтээн нь хун шувуу, хилэнц буюу дигваранз, дарь эх бурхан ажээ. Тиймээс Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220, Дорноговь аймгийг байгуулсны 92 жилийн ойн баяр наадмын нээлтээр ноён хутагт ямар өв үлдээсэн, бид юуг олж харах ёстойг түүхчлэн өгүүлснээс гадна дээрх шүтээнүүдийг онцолж, үзэгч олныг баясган цэнгүүлэв.
Хүн төрөлхтөн алив сайхан гэгээн бүхнээ хунтай зүйрлэдэг, дуулдаг, магтдаг. Тиймээс Д.Данзанравжаа хунг өөрийн шүтээнээ болгожээ. Гаднах төрх хийгээд дотоод мөн чанараараа хун сайхан амьтан. Тэрхүү мөн чанарыг ертөнцийн гоо сайханд урвуулж дээдэлдэг, шүлэг найрагтаа их тусгадаг байжээ. Хилэнцийг харахад эвгүй, ууртай уцаартай. Хатгадаг, хаздаг тул бид эмээдэг. Гэвч гурван галавт дүрсээ хувиргаагүйн тул шударга үйл хэрэг, үнэнийг дээдлэх бэлгэдэл гэж үздэг. Угаас муу үйл хийвэл өөрийгөө хатгаж хөнөөдөг амьтан. Түүнчлэн Д.Данзанравжаа дарь эхийг шүтдэг нь дараах учиртай. Багаас өнчин үлдэж эхийн хайрыг амсаж чадаагүй. Эхийн хайр гэдэг юутай ч зүйрлэшгүйг биеэр мэдэрч, санан, зүүдэлж, ойлгосон тэрбээр эх хүнийг шүтэж өссөн. Эхийгээ санан дурсахын эрхээр эмэгтэй хүнийг бурханчлан шүтэж 108 дарь эх бүтээжээ.
Наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар “Саран хөхөө” театрын дарга, жүжигчин Э.Идэрболд ажиллав. Тэрбээр цагаан лавайг гурвантаа эгшиглүүлж наадмыг эхлүүлсэн. Цагаан лавай нэгэнтээ дуугарахад үр нь нэгэн насаараа дэлгэрч, хоёронтоо аялгуулахад гадна, дотнын саад арилж, гурвантаа эгшиглэхэд эх дэлхий баясан сэргэдэг гэнэм. Ийнхүү наадам эхэлж, ноён хутагтын бүтээл “Дөмөн” уртын дууг “Саран хөхөө” театрын уран бүтээлчид цангинуулан эгшиглүүлэхтэй зэрэгцэн тулганд гал бадрааж, тойрон бүжиг хийв. Галын бүжиг дуусахад бяцхан ноён хутагт тайзны голд зассан мандал дээр нар зөв алхан гарч ирээд, бадамлянхуа цэцгийг тойрон тоглох аж. Улмаар гурван шүтээн нь тайзны тал талаас гарч ирсэн. Ингээд бяцхан Равжааг найман лам хутагтын сэнтийд залахад наадамчин олон уухайлан түрлээ. Хутагтын зохиол бүтээлээс дээжлэн хүргэсний дараа ноён хутагт “Сэтгэлийг амраагч” сургаалаа айлдаж, I, II, III, V сургуулийн авьяаслаг бүжигчин сурагчид таван өнгийн хадгийг тараахад наадамчин олон сүсэглэн хурайлж, “Үлэмжийн чанар”-ыг даган дуулав. Наадмын нээлт ийнхүү ёслол төгөлдөр болж, үзэгч олны сэтгэл тэнийж, хийморь сэргэх шиг болов. Дорноговиос гаралтай алдартнууд, “Саран хөхөө” театрын уран бүтээлч, нутгийн иргэд гээд 500 гаруй хүн үүнд оролцсоныг найруулагч Э.Идэрболд онцолсон.
Д.ДАНЗАНРАВЖААГИЙН АМЬДРАЛЫН ЗАМНАЛЫГ ХАРУУЛСАН АНХНЫ БҮЖГЭН ЖҮЖИГ “МЭНДЭЛЛЭЭ”
Ноён хутагтын намтар түүхийг Дорноговийнхон андахгүй. 1803 оны дүн өвлөөр Шувуун шандад төрснийг эндхийн 80 настай ахмадуудаас авхуулаад наймтай балчрууд ч хэлнэ. Дорноговийн зон олон говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээл, сүм хийдийг сэргээж, тахилчийн нууж авч үлдсэн эд зүйлсээр музей байгуулж, шүлэг дуу, аман зохиол, домог, хууч яриаг эвлүүлэн нэгтгэж, түүний агуу их авьяас билигтэн, соён гэгээрүүлэгч байсан түүхэн үйлсийг олон түмэнд хүргэсээр, түгээсээр буй. Тэмдэглэлт 220 жилийн ойгоор нь ч олон бэлгийг өргөн барив. Тухайлбал, “Дорноговь” телевизийн захирал, сэтгүүлч З.Энхзул их хүмүүний намтраар “Говийн ноён хутагт Д.Данзанравжаа” хүүхдэд зориулсан номыг санаачлан, зохиолч Б.Төрмөнхийн хамтаар эрхлэн гаргажээ. Мөн гэрэл зурагчин, яруу найрагч Ш.Энхбаяр тэргүүтэй уран бүтээлчид говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэсэн байлаа. Мөн ойд барьсан хамгийн том бэлэг нь түүний амьдрал замналаас сэдэвлэсэн анхны бүжгэн жүжиг болох “Тэнгэрийн хутагт”-ыг дэглэж, олны хүртээл болгосон явдал байв.
Хутагт бол тэнгэрийн бөгөөд тэнгэрлэг хүн гэдгийг уран галбир хөдөлгөөнөөр, үггүйгээр илэрхийлсэн эл бүжгэн жүжгийг анхны үзэгчид нь догдолж, уйлж, зангирч, дэвэрч, асгарч, бахдалтайгаар хүлээн авлаа. Тэд уг бүтээлийг задгай тэнгэрийн доор, асгарсан бум түмэн одны гялбаанд, гэрэлтэх сарны туяанд тухлан сууж уяранхан бишрэнхэн үзлээ. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү ажиллажээ. Харин жүжгийг бүтээх санаачилгыг Х.Ганбаатар гаргаж, зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат, хөгжмийг нь Ш.Өлзийбаяр туурвижээ. Өөрөөр хэлбэл, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн авторууд өнөө цаг үед Монголын урлагийн нүүр царай болж, басхүү дэлхийд танигдаж яваа уран бүтээлчид гэдгийг онцлохгүй байхын аргагүй.
Уг бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд Улаанбаатараас мэргэжлийн урлагийн байгууллагын 50 гаруй уран бүтээлч иржээ. Тухайлбал, бүжгэн жүжигт Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээчид, бүжигчид, Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид, Монгол Улсын Консерваторын оюутнууд, “Монгол хан” театрын циркийн багийнхнаас гадна орон нутгийн “Саран хөхөө” театрын бүжигчид, Дорноговийн авьяаслаг хүүхдүүд оролцсон. Уг бүжгэн жүжгийг ирэх намар Улаанбаатар хотноо толилуулах юм билээ.
Говийнхны цээжинд байдаг намтрыг уран сайхны аргаар баяжуулан, яруу тодоор илэрхийлж гаргасан нь олны сэтгэлийг цэнгүүлж чадсан. Ноён хутагт шашны их ёс төр, дүрэм журмыг нэн тэргүүнд сахихаасаа илүү уран бүтээлдээ төвлөрч, олны нүдэнд нээлттэй байсан. Мөн уран бүтээлийн дэврүүн хүсэл эрмэлзэлтэй учраас олон хүнд галзуу солиотойгоороо дуудуулдаг байв. Гуравдугаарт, бурхны шашны улааны талыг баримталдгаасаа шалтгаалан зарим талаар гадуурхалд өртөж явжээ. Үүнээс үүдсэн зөрчилдөөнөөс шалтгаалан түүнийг хүрээ хийд рүү оруулахгүй, Туулын усыг гатлуулахгүй гэсэн явуулга ч гарч байж. Тиймээс 50 гаруйхан насандаа Манжийн хатны өгсөн дарсыг хор гэдгийг нь мэдсээр байж хөнтөрч, хорвоогийн мөнх бусыг үзсэн гэдэг.
Ноён хутагт сургаал билгийн чанартай, нийгмийн гэмийг шүүмжилсэн өнгө аястай шүлэг найргаараа амьдарч ахуй нийгмээ харанхуй мунхгаас салгаж, ухааруулах гэж зүтгэсэн түүхтэй. Гэвч тухайн цаг үедээ галзуу солиотой хэмээн адлагдах болсон гэдэг. Богинохон насалсан ч олон сүм дуган, хот, суурин байгуулсны зэрэгцээ хүн төрөлхтөнд ертөнцийг хайрлах, нигүүлсэхүй, асрахуйн оюун санааны суварга босгоод буцжээ. “Дэлхий даяар намайг мэдэх цагт би эргэж ирнэ” хэмээн ноён хутагт Данзанравжаа айлдсан гэдэг билээ. Дэлхий дахинд түүнийг танин мэдсээр, улам илүү сонирхон судалсаар байна.
ХУТАГТЫН НААДАМД ХОЁР Н.БАТСУУРЬ ТҮРҮҮЛЛЭЭ
Соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагтын мэлмий гийсний ойн наадмын бөхийн барилдаанд аварга Н.Батсуурь, улсын харцага А.Цацавшир, улсын начин Б.Даваа-Очир, Д.Цэрэнтогтох, аймгийн начин Б.Бадрал, С.Занданхүү нарын 128 бөх зодоглолоо. Ингээд барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүлж, Д.Цэрэнтогтох үзүүрлэлээ. Өсвөрийн бөхийн барилдаанд Наранбатын Батсуурь түрүүлж, хутагтын наадам хоёр Н.Батсуурьт ивээлээ өглөө. Энэ наадамд 12 засуул оролцсон. Тэдний хамгийн ахмад нь 46 жил засуулаар ажиллаж буй Д.Дамдин гуай байлаа. Аймгийн ахлах засуул тэрбээр “Миний мөрөн дээрээс аварга А.Сүхбат, заан Б.Баярсайхан, Д.Амгаа, харцага А.Цацавшир, начин А.Хатансайхан нар цолоо авч байлаа. Засуул хүний сэтгэлийн жаргал нь зассан бөх нь цол авсан. Дорнын говьд хамгийн халуун сэтгэлтэй хүмүүс аж төрдөг” хэмээн хуучилсан.
Хурдан морины азарганы уралдааны түрүүг Б.Батсайханы хээр хүртэв. Их насны морины уралдаанд О.Саруулбаярын бор морь тод магнай болж, торгон жолоогоо өргүүллээ. Соёолон морьдыг Отгондаваагийн хонгор өнгөлж, наадамчин олноо баясгасан юм. Хязаалан насны уралдаанд Э.Оргилболдын зээрд халзан түрүүллээ. Шүдлэн насны уралдаанд Т.Энхтүвшингийн сартай хээр торгон жолоо өргөв. Дааганы уралдаанд түрүү магнайд Б.Хүдэрболдын бор орж иржээ.
Сур харвааны тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрт Дундговь аймгийн уугуул Г.Батбаатар шалгарав. Дэд байрыг Өвөрхангай аймгийн уугуул Б.Цэрэндаш, гуравдугаар байрыг М.Мөнхбаатар эзэлсэн юм. Эмэгтэйчүүдийн сурын харвааны тэргүүн байрыг Дорноговь аймгийн уугуул, аймгийн мэргэн Э.Эрдэнэгэрэл хүртсэн. Тэгвэл удаах байрыг Дундговь аймгийн харваач М.Баярмаа, гуравдугаар байрыг Өмнөговь аймгаас ирсэн харваач Т.Насанбат эзэллээ.
Их хүмүүний мэлмий гийсний 220 жилийн ой ийнхүү сайхан болж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбатын үг, Ш.Өлзийбаярын аялгуу “Дорнын говиос Монгол эхэлдэг” дууг “Саран хөхөө” театрын дуучин Д.Анхбаяр дуулснаар наадмаа өндөрлөлөө.
Гэрэл зургуудыг Ш.Энхбаяр