Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Уусан бол бүү жолоод” аяныхаа хүрээнд энэ сарын 23-24-нд шилжих шөнө улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулжээ. Алба хаагчид тухайн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 691, эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон 288 тохиолдол илрүүлсэн байна. Иргэдийн амь, эрүүл мэндэд аюул учруулах өндөр эрсдэлтэй 979 жолоочтой ганцхан шөнийн дотор таарсан гэсэн үг. Энэ нь “Уусан бол бүү жолоод” аяныг өрнүүлсэн хугацаан дахь хамгийн олон зөрчил илрүүлсэн шалгалтад тооцогдож байгааг Тээврийн цагдаагийн албаныхан онцлов. Түүнчлэн эрэн сурвалжлагдаж байсан 80 хүн, эд зүйл, гэмт хэргийн шинжтэй 18 үйлдэл илрүүлэн, хууль, журмын дагуу арга хэмжээ авсан аж.