“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан агаарын тээврийг либералчлах, “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд дэвшүүлсэн дотоодын нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар МИАТ ТӨХК-ийг өнгөрсөн сарын 30-наас эхлэн орон нутгийн найман чиглэлд хөнгөлөлттэй үнээр шууд нислэг тогтмол үйлдүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэ шийдвэрийн улмаас “Аэромонголиа”, “Хүннү эйр” зэрэг авиа компани жуулчлалын улиралд төлөвлөсөн нислэгүүдээ цуцалж эхэлжээ. Орон нутгийн чиглэлүүдэд аялал зохион байгуулахаар эртнээс төлөвлөж, тийзээ захиалсан тур операторууд үүнд шүүмжлэлтэй хандаж буй бол агаарын тээвэр эрхлэгчид цуцлахаас аргагүй нөхцөлд хүрснээ хэлж байна. “Аэромонголиа” компанийнхан “Засгийн газрын энэ шийдвэр хувийн хэвшлийн компаниудад хүндээр туслаа. Тийзийн үнийг хямдруулсантай холбоотойгоор аялал жуулчлалын компанийнхан, хувь хүмүүс захиалгаа олноороо цуцалж, шилжүүлж эхэлсэн. Нислэгийн суудал “өм цөм” болсон учраас удирдлагуудын шийдвэрээр заримыг нь цуцлахад хүрлээ. Суудал дүүрээгүй, цөөн хүнтэй тохиолдолд цуцлахаас өөр замгүй. Хэн ч хямд үнээр зорчихыг бодно шүү дээ. Үйлчлүүлэгчдийг буруутгах аргагүй” гэсэн юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл