Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан хариуцсан нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа 67 иргэн, аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийж, цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй 23, менежментийн төлөвлөгөөгүй 37, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, төлбөрөө төлөөгүй 21, усан болон ойн сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай 59, талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, солбицлын алдаатай 23, газар ашиглах тусгай зөвшөөрөлгүй 14, хог хаягдал тээвэрлүүлэх гэрээгүй 22, стандартын шаардлага хангахгүй жорлонтой хоёр иргэн, аж ахуйн нэгж байсан гэнэ. Тусгай хамгаалалттай бүс дэх 55.8 га талбайд зөвшөөрөлгүй хашаа хатгаж, барилга барьсан 72 иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, мэдээллийг нь эрх бүхий холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Газар ашигласан төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй, давхцалтай 16 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь, нэгийнхийг нь хэсэгчлэн цуцлах саналыг тус хамгаалалтын захиргаанаас гаргасан байна.