Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т 06.18-ны өдрийн 20.00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу урсаж орсон бөгөөд тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирээгүй тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 20.25 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай уурхайн гүнд ажиллаж байсан Ж /40 настай, эрэгтэй/, С /33 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж, уурхайн аманд хуримтлагдсан нийт 650 м3 усыг соруулж гаргасан.
Уурхайн гүний 3 дугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхаж 31 дэх метрийн гүний 30 метрийн хөндлөн малталтын урд зүгт 30 дахь метрээс 06.20-ны өдрийн 11.10 цагт иргэн С, 11.40 цагт Ж нарын цогцсыг олж гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.