Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 15.12 минутад “Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд суугаад өлгийтэй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн үзлэгт хамруулан, Түр хамгаалах байранд байршуулан, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж ажилласан.
Нярай хүүхдийн эх 25 настай, эмэгтэй төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн гүнзгий хямралын улмаас худал дуудлага, мэдээлэл өгсөн болохыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ирээдүйд гэр бүл зохиох өсвөр насны хүүхэдтэйгээ найз, нөхөр шиг ярилцаж, амьдралын дүрмийг тайлбарлан өгөх, гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох нь хүний амьдралын хамгийн чухал, хамгийн том шийдвэр, нэг алдсан алдаа насан туршид хамтдаа үргэлжлэх магадлалтай байдаг тул таны өсвөр насны хүүхэд, насанд хүрсэн ч гэсэн хараахан амьдрал зохиож амжаагүй хүүхэд тань хэнтэй үерхэж, нөхөрлөж байна, ирээдүйд амьдрал зохиоход бэлэн байна уу гэдэгт ямагт анхаарлаа хандуулж, ирээдүй нь Монгол гэр бүлийн амьдралын зөв эхлэхэд нь туслахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Монгол Улсад Хүүхдийн эрхийн талаар дараах эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. ГЭР БҮЛ, ЭХ НЯЛХАС, ХҮҮХДИЙН АШИГ СОНИРХЛЫГ ТӨР ХАМГААЛНА” Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахт хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”. Мөн хуулийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”. Мөн хуулийн 5.4 дахь хэсэгт “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй”. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахт хэсэгт “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна”. Мөн хуулийн 5.2 дахь хэсэгт “Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ”. Мөн хуулийн 5.3 дахь хэсэгт “Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу үзүүлнэ”. Мөн хуулийн 5.4 дахь хэсэгт “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ”. зэрэг Монгол Улсын болон Олон Улсын гэрээ, хууль, тогтоомжид хүүхдийн жам ёсны эрхийг онцгойлон хуульчилсан байна.