Өнгөрсөн өдрүүдэд хур бороо ихтэй, зарим газар үер бууж, голын урсгал түргэссэн ч иргэд тоомжиргүй хандаж, аюулгүй байдлаа хангалгүй гол усанд орж, эрсдэлд орсоор байгааг холбогдох байгууллагаас анхааруулав. Аюулгүй байдлаа хангаагүй иргэд бишгүй хохирсон харамсалтай мэдээллийг хүргэе. Тухайлбал, Баян-Өлгий аймаг, Бугат сум. 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө гэдэг газар 6 хүн зугаалжээ. Гэвч анхаарал болгоомжгүйн улмаас Ховд голын усанд 2 хүн ороод 1 хүн нь живсэн гэнэ. Ослын тухай дуудлага зургадугаар сарын 11-ний өдөр Онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид 26 настай иргэн Д-г хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг болтол олоогүй байна.
Үүнээс гадна өчигдөр Туул голоос эрэгтэй хүний цогцос олдсон байна. Иргэд Туул голын усанд 1 хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг онцгойгийнхонд өгснөөр уг цогцсыг голоос гаргаж, ар гэрийнхэнд таниулах ажиллагаа хийж эхэлжээ. Улмаар Налайх дүүргийн харьяат 62 настай эрэгтэй болохыг тогтоож, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн аж.
Архангай аймаг, Хангай сумд авто машин голд суужээ. Баян-Улаан багийн “Өртөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ Хангай сумаас Тариат сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин “Гичгэнэ” голын усанд суусан байна. Дуудлага авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 70 км замыг туулан 14:38 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б “Тоёота 4 раннер” загварын суудлын автомашинтай “Гичгэнэ” голыг гатлах гэж байгаад усанд суусан байжээ. Зорчигч Э/35 настай, эрэгтэй/, Б/35 настай, эрэгтэй/, Б/35 настай, эрэгтэй/ нарын хамт автомашиныхаа бүхээг дээр гарсан байсан тул аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, автомашиныг 18:35 цагт татан гаргасан.
Мөн Хэнтий аймаг, Бор-Өндөр. Өлгий багийн “Өндөр-Овоо" гэдэг газар өчигдөр 20.00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу урсан оржээ. Улмаар уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирж чадаагүй тухай дуудлага өчигдрийн 20.25 цагт онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20.50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байсан бөгөөд уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан Ж /40 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/, С /33 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/ нар гарч ирж чадаагүй гэх мэдээлэл өгчээ. Онцгойхон “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай 1 насос авчирч суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар 06.30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулжээ. Мөн “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай 1 насос татан авчруулсан гэнэ. Дээр нь Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар өнөөдөр (06.19-ний өдөр) 05.20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн гэх мэдээлэл өглөө.