Манай улсад аялахаар ирсэн Непал улсын 26 иргэн авто осолд оржээ. Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнөөдөр (2023.06.16) 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн ирсэн байна. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолджээ.
ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан гэнэ. Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан байна.
Ослын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.