Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх, хууль сахиулах чиглэлээр хил орчмын бүс нутагт хамтран ажиллах асуудлаар Монгол Улсын ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар, ОХУ-ын Сибирийн Хууль сахиулах гаалийн газар, Алс Дорнодын Хууль сахиулах гаалийн газрын хамтарсан ажлын зургаадугаар ээлжит уулзалтыг зохион байгуулсан байна. Тус хурал ОХУ-ын Красноярск хотноо 2023 оны зургадугаар сарын 5-8-ны өдрүүдэд болжээ. Уулзалтаар 2022 онд хууль сахиулах чиглэлээр байгуулсан Протоколын хүрээнд 2022, 2023 оны өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын үр дүнг хоёр талаас дүгнэн хэлэлцэж, харилцан тохиролцсон төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнтэй байгааг цохон тэмдэглэлээ.
Мөн талууд үндэстэн дамнасан гэмт хэрэг, гаалийн зөрчлийн талаар шуурхай мэдээлэл солилцоог цаашид сунгах талаар тохиролцсоны зэрэгцээ галт зэвсэг адил хэрэгсэл болон хар тамхи, мансууруулах бодис, түүний хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр бүх талаар хамтран ажиллахаар боллоо.