“Могойн гол”, “Хургатай хайрхан” болон уул уурхайн бусад компанийнхан Хөвсгөлийн мал аж ахуйн бүс нутагт авто зам тавихаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамт орон нутагт ажиллаж, малчдыг ухуулж байгаа талаар “Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл тус яамныхан үүнийг үгүйсгэж, хариу тайлбар өгөв. БОАЖЯ-наас томилсон ажлын хэсгийнхэн “Уул уурхайгүй Хөвсгөл” төрийн бус байгууллагаас тавьсан хүсэлтийн дагуу дээрх хоёр компанид өнгөрсөн хавар төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ цөөнгүй зөрчил илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан гэнэ. Хог хаягдлын тухай хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсан “Хургатай хайрхан” компанийг торгож, зөрчил арилгах хугацаатай даалгавар өгчээ. Харин “Могойн гол”-ыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсаны дагуу өдгөө зөрчлийн хэрэг нээгээд буй аж. Уул уурхайн компаниудтай хамтарч хууль бус зүйл хийх бус, харин ч тэднийг хариуцлагажуулах зорилгоор арга хэмжээ авсан гэдгээ тус яамныхан дурдаад, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүслээ.