Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй билээ. Тодруулбал, НПГ-аас С.Батдөл, түүний ах С.Баттулга, нүүрс вагонд ачуулж хилээр гаргахын тулд хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын хэргийг өнгөрсөн сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад хянаж байгаа бөгөөд С.Батдөлийг шүүх хурал болтол үргэлжлүүлэн цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан юм.
Хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдсан С.Батдөлийг төрсөн ах, зарим хэвлэлд Төмөр замын дээд сургуулийн дэд захирлаар саяхан томилогдсон хэмээн бичиж буй С.Баттулгынх нь хамтаар шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр дүүгийнхээ заавраар өөрийгөө “Талын хишиг майнинг” ХХК-ийн захирал Батаа” гэж танилцуулан “Солонго цамхаг” ХХК-ийн захирлаас 2022 оны арванхоёрдугаар сард “Найман шарга” валют арилжааны захын орчимд 68 000 гаруй ам.доллар авч, С.Батдөлд дамжуулан өгсөн хэмээн буруутгагдаж буй. Мөн С.Батдөлийн хахуульд авсан хөрөнгөөр ах нь нэр дээрээ Баянгол дүүргийн нутаг, 10 дугаар хороололд орон сууц авч, мөнгөний эх үүсвэрийг өөрчлөн угаасан үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм.
Гэртээ хадгалж байсан болон үл хөдлөх хөрөнгүүд болгож хувиргасан мөнгөнийхөө эх үүсвэрийг бодитой тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн яллагдагч С.Батдөл нь вагонд нүүрс ачиж хилээр гаргахаар хандсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас албан өрөөндөө ч, автомашин дотор ч хахуулийн мөнгө авч байсан аж. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах газрын хоёрдугаар давхарт байрлах ажлын өрөөндөө нэг бус удаа мөнгө хүргүүлэн авч байж.
Бас тус газрын замын эсрэг талд, “Гранд плаза” төвийн авто зогсоолд байршуулсан машин дотор авч байсан баримтыг хууль сахиулагчид тогтоосон гэдэг. Ингэхдээ голдуу галт тэрэгний нэг цуваа буюу 50 вагонд ачсан нүүрсийг түргэн шуурхай явуулахын тулд 28 000-86 000 ам.доллар буюу 250-300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг яллагдагч Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нараас удаа дараа авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ. Өөрөөр хэлбэл, С.Батдөл нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн дарааллыг зохицуулж хахууль авдаг байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар баталгаажуулсан аж. Ингэж олсон шан харамжаасаа өөрийнхөө болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг, “Нисдэг машин” авто худалдааны төвтэй залгаа байрладаг объектын дөрөв, тавдугаар давхарт байрлалтай, тус бүр нь 293 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нийт нэг тэрбум төгрөгөөр худалдан авч, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэр дээрээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан гэнэ. Уг объектод нь өдгөө караоке үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь “Ривер гарден” хотхоны 315-316 дугаар барилгад 116 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 750 сая төгрөгөөр авчээ. Тэнд нь өдгөө гоо сайхны салон ажиллаж байгаа юм.
Түүнчлэн нэг бус орон сууц нэр дээрээ авсан гэнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Нарны зам дагуух 29/1, тус дүүргийн долдугаар хорооны 103 дугаар байранд орон сууцууд авчээ.
С.Батдөлийн гэрт өнгөрсөн өвөл нэгжлэг хийгээд төмөр шүүгээ (сейф)-нд их хэмжээний валют, төгрөг хураасан байсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг амины орон сууц (хаус) нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг, дархан цаазат Богдхан уулын Хүүшийн аманд баригдсан, шинэ барилга аж. Тэр хаусаас нь хураасан бэлэн мөнгө нь 5.4 тэрбум гаруй төгрөг болсныг битүүмжилсэн билээ. Эдгээр үл хөдлөх хөрөнгөөс гадна 180 орчим сая төгрөгөөр 2018 онд үйлдвэрлэсэн “Ланд круйзер-200” автомашин худалдан авсныг ч тогтоогоод буй.
С.Батдөлийн тухайд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) гаргах үүрэгтэй албан тушаалтан биш юм билээ. Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” ХАСХОМ-ээ бүртгүүлэх үүрэгтэй. Харин дуулианы эзэн болсон С.Батдөл уг заалтад хамрагдахгүй, орлогч дарга гэдэг албан тушаалтай учраас түүнийгээ мэдүүлж бүртгүүлдэггүй гэдгийг хэд хэдэн эх сурвалж өгүүлэв.
ХАСХОМ гаргаж бүртгүүлдэггүй нэг л албан тушаалтан эрх мэдлээ ашиглан ийнхүү үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа нь олноо ил болсон. Түүн шиг эрх мэдэл бүхий албан тушаалд суучихаад халаасаа зузаалж буй “хурган” дарга нар хэчнээн байдаг бол. Тэр бүхнийг хууль хяналтын байгууллагынхан хянах ёстой.