Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Д.Энхмаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сард “Баянт уулын буудай” нөхөрлөлийн өр төлбөрийг багасгаж, тооцоо нийлсэн акт үйлдэхийг нягтлан бодогчдоо үүрэг болгож, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон гэнэ. Д.Тогтохсүрэн, Т.Болдбаатар, Б.Эрдэнэтогтох нарын хувьцаа эзэмшдэг уг нөхөрлөл нь ХААДС-д 559.1 сая гаруй төгрөгийн өртэй аж. Үүнээс 400 гаруй саяыг нь хасаж, 139.5 саяын төлбөртэй гэж тооцоо нийлсэн акт гаргуулж, ХААДС-гийн нягтлан бодогч, санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер нараар хянан баталгаажуулсан гэнэ. Ингэснээр тус нөхөрлөл дээрх сангаас дахиад 66 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй 70 тн үрийн буудай зээлээр авах нөхцөл бүрдүүлсэн гэдэг.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 356, мөрдөн байцаалтын 3153 хэрэгт хяналт тавьснаас 146 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийн дунд авлига, албан тушаалын гурван хэрэг багтсаны нэг нь дээрх ХААДС-гийн албан тушаалтан Д.Энхмаад холбогдох үйлдэл аж.