“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хавтаст хэргийг нь НПГ-т хүргүүлжээ. Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнээс 30 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь ЭЦА-ны мөрдөгчид саатуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ. “Хасу-Эрчим” нь “ДЦС-3” ТӨХК-иас 2022 онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэр бум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулсан байдаг. Эдгээр тендерийн нэг болох 2022 оны зургадугаар сарын 24-нд зарласан, 738 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерийн сонгон шалгаруулалтад “Хасу-Эрчим”-ийг ялуулсныхаа урамшуулалд хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар Л.Эрхбаатарыг яллагдагчаар татаад буй билээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон