Өвөрхангай аймгийн Хархорин сумын Толгойн боолт хэмээх газарт, Орхон голын ойролцоо зугаалж явсан 20 гаруй хүүхдээс нэг нь живж, сураггүй болсныг онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Энэ талаарх дуудлага, мэдээллийг иргэд орон нутгийн холбогдох байгууллагуудад зургадугаар сарын 6-ны 14.00 цагийн үед ирүүлсэн байна. Өвөрхангай болон Архангай аймгийн Эрэн хайх, аврах салбарынхан цагдаагийн алба хаагчид, живсэн хүүхдийн ар гэрийнхэнтэй хамтран Толгойн боолт хэмээх газраас Таван салааны гарам хүртэлх 45 км зайд хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагаа зохион байгуулаад үр дүнд хүрээгүй гэнэ. Улмаар өчигдөр 05.30 цагт эрлээ дахин эхлүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар хур тунадас орсноос томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг цаг уурын байгууллага мэдээлж байгаа. Аялал зугаалгаар явж буй хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг, хараа хяналтаа сайжруулахыг цаг уурчид онцгойлон анхааруулсан юм. Ийм сэрэмжлүүлэг түгээгээд удаагүй байтал 14 настай сурагч усанд осолдсон харамсалтай явдал орон нутагт гарлаа. Зуны амралт эхэлсэн, төгсөлтийн баяр үргэлжилж буй энэ өдрүүдэд хүүхэд, залуус аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Ялангуяа нар төөнөсөн халуун, бүгчим өдрүүдэд голын эрэг бараадаж, усанд сэлэх нь элбэг. Тиймээс эцэг, эхчүүд, багш, сургуулийн удирдлагууд энэ үед илүү хариуцлагатай байж сурагчдаа болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлага тулгарч байна. Өчигдрийн байдлаар гэхэд Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангайн нурууны арын Чулуут, өврийн Завхан, мөнх цас, мөсөн голоос усждаг Ховд, Булган, Буянт, Сагсай, Согоог, Харбут голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см-ээр нэмэгдэж, Баруунтуруун, Булган, Харбут, Хархираа, Идэр, Үүр үерийн түвшнийг 5-65, Хариг, Согоог аюултай түвшнийг 10-80 см-ээр давж хүчтэй үерлэж байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв.