Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, БНХАУ-ын иргэн Бао Гуожун нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээлээ. Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан шашны зүтгэлтнүүдийн нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, тэдний охин, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Б.Эрдэнэзул нарыг БНХАУ-ын тагнуулын байгууллагын ажилтан Бао Гуожунтай хамтран ажиллаж, мэдээ мэдээлэл дамжуулж өгсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгасан юм. Улмаар НПГ-аас ээж, охин хоёрт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт цуглуулсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол өмнөд хөршийн иргэнд мөн хуулийн 19.10-1-ийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Эл хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 6-нд хаалттай хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт найм, Бао Гуожунд 12 жил хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд хэлэлцээд Хятадын тагнуулын албаны ажилтантай хамтран ажилласан гэм буруутай нь тогтоогдсон, анхан шатны шүүх энэ хэрэгт оноох эрүүгийн хариуцлагын хамгийн бага буюу найман жил хорих ял оноосон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулсан ч анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр нь үлдээсэн юм. Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй гэж дүгнэн хэвээр нь үлдээлээ.