Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Элээт гэдэг газар нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулчихаад байгаль орчин сүйтгэж, алт олборлосон иргэнд тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Дээрх газарт Хөдөлмөрийн баатар, уул уурхай, геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурцын хүүхдүүдийн хувьцаа эзэмшдэг “Ричмөнх” хэмээх ашигт малтмалын хайгуул, олборлолтын компани үйл ажиллагаа явуулдаг аж. MV-020530 дугаартай тус компанийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд техникийн нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулан ажлаа гүйцэтгүүлэхээр Н.Дуламханд гэдэг хүнтэй хамтарч ажиллахаар болсон байна.
Гэтэл техникийн нөхөн сэргээлтийнхээ хажуугаар дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй, эрүүл хэсэгт 2020 оны 8-9 дүгээр сард энэ иргэн ашигт малтмалын хайгуул, олборлолт хийсэн гэнэ. Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид байгаль орчны шинжилгээ хийх эрх бүхий байгууллагын шинжээчдээр дүгнэлт гаргуулжээ. Ингэснээр ашиглалтын талбайн гадна хэсэгт хууль зөрчин олборлолт явуулж 283.5 сая гаруй төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан гэж үзсэн байна. Тиймээс Н.Дуламхандад Эрүүгийн хуулийн 24.2-1 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.