Манай улсын байгаль хамгаалагчдын төлөөлөл олон улсын туршлага судлахаар өнгөрсөн хоёрдугаар сард Япон руу явсан. Тэгвэл дараагийн ээлжийн мэргэжилтнүүд АНУ-ыг зорьжээ. Тодруулбал, Хөвсгөлийн болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Г.Энхбаяр, Ж.Төмөрсүх, Р.Баттүвшин нар мэргэжил нэгтнүүдээсээ туршлага судлахаар явжээ. Тэдэнд “Монгол экологи төв” төрийн бус байгууллага ийм боломж олгосон байна. Тус байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментэд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах зорилгоор “National park academy” хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Үүний хүрээнд АНУ-ын Иосэмити үндэсний парк Соёны бүсийн тусгай хамгаалалттай газруудтай 2015 оноос хойш хамтран ажилласан бөгөөд энэ удаа байгаль хамгаалагчдаа харилцан туршлага солилцуулахаар болжээ.