Ирэх сарын цаг уурын төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ. Тус газраас мэдээлснээр ирэх сард агаарын температурын хэлбэлзэл их, салхи шуурга ихтэй байх аж. Тодруулбал, энэ сард хүйтэн, халуун ээлжилж, тэнгэрийн байдал тун тогтворгүй байсан нь ирэх сард ч үргэлжлэх бололтой. Сарын эхэн үед олон жилийн дундаас хүйтэн, дунд үед нь дулаан байх гэнэ. Харин сарын сүүлчээр дахин сэрүүсэх төлөвтэй юм байна. Нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн агаарын температурын зөрүү их байх тул малчид, тариаланчид мал төллөх, тариалалтын үеийн ажлуудаа эртнээс төлөвлөж, арга хэмжээ авахыг дээрх газраас зөвлөжээ. Мөн цаг агаарын богино хугацааны мэдээллийг өдөр тутам авч, аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ч зөвлөсөн байна. Сарын 10-даар зүүн болон говийн нутгаар хур тунадастай. Мөн сүүлийн 10 хоногт ихэнх нутгаар хур тунадас орох төлөв гарчээ. Ингэхдээ говь, тал хээрийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар цас орох төлөвтэй аж.