Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул гол Сонсголонгийн гүүрийн ойролцоо тасарсан нь байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүдээс эхлээд иргэд, олон нийтийн санааг чилээх болов. Тус голын усны түвшин жилээс жилд багасаж, бохирдол нь ихэссэний хэрээр зарим хэсгээрээ тасрах, шургах, голдирол хумигдах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсныг судлаачид хэлж байна. Өнгөрсөн жил Монгол орны төвийн бүс нутагт хур тунадас элбэг орсон ч Туул гол нийслэл орчимд хэд хэдэн газарт тасарчээ. “Усны төлөө иргэдийн нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн, судлаач З.Батбаяр “2010-аад оноос ажиглагдах болсон энэ үзэгдэл нь Улаанбаатарт олширсон барилга, үйлдвэрээс үүдэлтэй. Газрын доорх усыг хэт ихээр хэрэглэж байна гэсэн үг. Хоногт 256 мянган шоо метр ус ашиглах боломжит хязгаартай газарт 350 мянган шоо метр, түүнээс ч ихийг хэрэглэхээр аргагүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрчлэн Туул голын сав газрын захиргаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхныг яаралтай арга хэмжээ авч, бодит байдал ямар байгааг мэдээлэхийг хүслээ.
Сав газрын захиргааныхан өчигдөр 15.00 цагийн үед Туул гол хэвийн урсаж байгааг харуулсан дүрс бичлэгийг ямар нэг тайлбар, мэдээлэлгүй цахим хуудсандаа оруулжээ. Гэвч тэр нь Сонсголонгийн биш, Яармагийн гүүр орчмын зураглал байсныг мэргэжлийн хүмүүс хэллээ. Энэхүү үйл явдлаас улбаатайгаар цахим орчинд эрчээ авсан халаглал, шүүмжлэлийг намжаах зорилгоор ийм бичлэг түгээсэн байж болзошгүй нь. Сонсголонгийн гүүрээс дооших хэсэгт Туул гол хэд хэдэн хэсэг салаалж урсдаг учир сайтар шалгаж, нягтлах хэрэгтэйг иргэд санууллаа.