Цар тахал дэгдсэнээс хойш Монголд ирэх солонгос жуулчин эрс олширсон. Үүнийг дагаад говь нутгийг зорих тус улсын аялагчдын тоо ч өсжээ. Энэ нь манай улс Өмнөд Солонгосыг аялал жуулчлалын зорилтот зах зээлээ болгож, бодлогын арга хэмжээ авч буйтай холбоотой. Тэгвэл Өмнөговь аймаг орон нутаг руугаа чиглэсэн солонгос жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд тухайн орноос аялагч хүлээн авдаг хөтөч, тайлбарлагчдыг говьтой танилцах аялалд хамруулав. Үүнийг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулсан аж. Говийн аяллын маршрутад багтаагүй ч жуулчдын сонирхлыг татахуйц байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газруудаар тэднийг аялуулж, Даланзадгад дахь зочлох үйлчилгээний байгууллагуудтай танилцуулжээ. Өмнөговь аймгийг зорьсон аялагчид Баянзаг, Ёлын ам, Нэмэгт, Хэрмэн цав, Хонгорын элс, Дэмчогийн хийд зэрэг түүхэн, байгалийн дурсгалт газраар голдуу аялдаг гэнэ. Үүн дээр 2022 онд байгуулсан “Говийн байгаль, түүхийн музей” нэмэгдсэнийг орон нутгийнхан дурдлаа.