Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилготой “Чулуут тул-2030” төслийнхөн энэ хаврын ажлаа эхлүүлжээ. Тэд 2023 онд Чулуут голд 500 мянган жарамгай нутагшуулахаар төлөвлөж, үржлийн эх сүргээ барихаар орон нутгийг зорьсон байна. Тус төслийнхөн Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутагт орших Алтаад голын эрэгт байгуулсан зориулалтын лабораторидоо загас өсгөн үржүүлж, бие даан амьдрах чадвартайг нь голд тавьдаг. 2019 оноос хойш зэвэг, хадрангийн 1730 000 жарамгайг Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулжээ. Өнөө жилийн төлөвлөгөөгөө биелүүлбэл нутагшуулсан загасных нь тоо хоёр сая давах аж.
“Чулуут тул-2030” төслийг иргэд, олон нийтийн хандиваар хэрэгжүүлдгээрээ онцлог. Тариат сумынхнаас эхлээд олон иргэн, аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд үүнд хандив өргөжээ. Төслийн багийнхан “Таны өгсөн мянган төгрөг бүр Чулуут голд нэг жараахай болж очдог” хэмээгээд иргэдийг энэ жилийн хандивын үйл ажиллагаанд нэгдэхийг уриалав.