Дорнод, Сүхбаатар аймгийн хэд хэдэн сумын нутгийг дамнасан ой, хээрийн түймэр энэ сарын 8-нд дэгдэж, холбогдох албаныхан болон иргэд хамтран гурав хоногийн дараа бүрэн унтраасан билээ. Тэгвэл уг түймрийн хохирлын урьдчилсан дүгнэлтийг Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргасан байна. Түймэрт ой, ургамал бүхий болон бэлчээрийн 447 000 га орчим талбай өртсөнийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс боловсруулсан зурагт үндэслэн тогтоосон аж. Засгийн газраас2013 онд баталсан Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам, 2018 онд баталсан Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн нэг га газрын суурь үнэлгээг үндэслэн тооцоход дээрх хэмжээний талбайд 3.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хохирол тооцох бүлэг ажиллуулж, хэр олон амьтан үрэгдсэнийг судалжээ. Тэд зургаан удаа хээрийн судалгаа хийсэн юм байна. Үүний дүнд нийт 52 амьтан галд өртөж үрэгдсэнийг тогтоожээ. Тухайлбал, цагаан зээр 40, бор туулай тав, халиун буга гурав, Дорнын молцог хандгай, зэрлэг нугас, тас, дагуур зараа тус бүр нэг байсан аж. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцоход дээрх хохирлын хэмжээ 128.2 сая төгрөг болсон байна. Эдгээрээс гадна байр сууц, автомашинд учирсныг нь оруулан тооцоход нийт хохирлын хэмжээ 3.6 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч