Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт 37.9 км зам тавихаар төлөвлөсөн. Тодруулбал, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 32.4, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихайд 5.5 км хатуу хучилттай авто зам барихаар болсон юм. Тэгвэл үүнээс 7.5 км-ийг нь ирэх долдугаар сард, үлдсэнийг нь энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн гүйцэтгэгч “Эс пи ар инженер консалтинг Монголиа”-гаас мэдээлжээ. Тус чиглэлийн замд цэвдгийн гэсэлтээс хамгаалах шинэ технологи буюу хязгаарлагч гео торлог, нэхмэл ашиглаж буйгаараа онцлог. Ингэснээр байгалийн шалтгаант эвдрэл сүйдлээс сэргийлэх, замын чанарыг сайжруулах ач холбогдолтойг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.