Бид хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой ч хөрсөнд хаяж үлдээдэг, байгальд ээлгүй улс болоход ойрхон гэдгийг иргэд, олон нийтэд хүргэх зорилготой “Хогны хувьсал” арга хэмжээ өчигдөр боллоо. Хог хаягдал боловсруулах, түүгээр бүтээгдэхүүн хийдэг 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага анх удаа үүнд нэгдсэн юм .
Тэд Чингэлтэй дүүргийн нутаг дахь Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг усны сав, бөглөөгөөр чимэглэн, асар засаж, эко бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг арга хэмжээг “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ санаачлан, сайн дурын болон иргэний нийгмийн байгууллагууд хамтарч зохион байгуулжээ. Тэд хогийг ямар аргаар бууруулах, хэрэглээгээ хэрхэн ухаалаг болгох, хариуцлагатай худалдан авагч байх зэрэг уриалгыг олон нийтэд дэвшүүлэн, танин мэдүүлэх зорилго өвөрлөсөн аж. Тухайлбал, хуванцраар шагай хийдэг “Хэв хашмал”, хаягдал хувцас, аргалаар цаас үйлдвэрлэдэг “Рибай спек материалс” ХХК, гар доорх материалаар хөгжмийн зэмсэг, цаас хийдэг, Гавьяат багш С.Жамъянхорол, Монголын зүймэл даавуун урлалын төв зэрэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл бүтээл, бүтээгдэхүүнүүдээ энэ өдөрлөгийн үеэр танилцуулав.
Тэд олон төрлийн хог хаягдал, хоёрдогч түүхий эдээр янз бүрийн бүтээл хийсэн нь иргэдийн сонирхлыг татаж байв. Мөн веган хоолны газрууд үзэсгэлэнд оролцож, амталгаат худалдаа явуулахын зэрэгцээ махнаас татгалзсанаар байгальд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх талаар зөвлөлөө. Тус арга хэмжээний зорилго, ач холбогдлын талаар “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ-ын захирал Д.Өлзийбилэг “Европын Холбооны “Switch Asia” хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж байна.
Манай улсын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэтэл өдгөө ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулдаг. Нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр манайх дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж байна. Энэ мэт асуудал их бий. Монголчуудын хэрэглээ маш ихэссэн. Өмнө нь долоо хоногт нэг удаа хогоо асгадаг байсан. Тэгвэл одоо өдөр бүр ууттай хог хаядаг боллоо. Хамгийн гол нь амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал гэж боддог. Энэ үйл ажиллагаа нэгээр дуусахгүй. Цаашид жил бүр зохиохыг зорьж байна” гэв.