Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, “Эко Ази”, Олон улсын Улаанбаатарын их сургууль хамтран “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдын тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаагийн хэрээр эл салбарт ажиллах хүний нөөц хомсоджээ. Тиймээс байгаль орчны салбарын хөгжил, ирээдүйн үнэ цэнийг хүүхэд, залууст ойлгуулах, төрийн өмчийн их сургуулиудын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор ийм үйл ажиллагаа санаачилжээ.
2021-2022 оны хичээлийн жилд манай улсын их, дээд сургуулиудыг 31.2 мянган оюутан төгссөний ердөө 1.3 хувь нь байгалийн ухааны чиглэлээр суралцагсад байжээ. Төгсөгчдийн зонхилох буюу 51.6 хувь нь хууль, эрх зүй, боловсрол, бизнесийн удирдлага, эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлийнх байсан бол 15.8 хувь нь барилгын инженер мэргэжил эзэмшжээ. Байгаль хамгааллыг сайжруулж, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, тогтвортой, ногоон хөгжлийг цогцлооё гэвэл энэ салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, ажиллагсдын үнэлэмжийг сайжруулах шаардлагатайг судлаачид дурдав. Өдөрлөгийн хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг зочин судлаач, багш нартай уулзуулав. Мөн үдээс хойш их, дээд сургуулиудын төлөөлөл багш, оюутнууд сурагчдад сургалтын хөтөлбөрөө танилцуулан, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.