Ямар жорлонг стандарт хангасан гэж үзэх вэ. Сайжруулсан, эко ариун цэврийн байгууламж гэж юуг хэлэх вэ. Энэ асуултыг ойр тойрныхондоо тавиарай. Онож хариулах нь ховор болов уу. Уг нь манай улс ариун цэврийн байгууламжийн стандарттай, тэр нь нэлээд өндөр шаардлагатайд тооцогддог юм байна. Даанч үүнийгээ хэрэгжүүлдэггүй аж. Энэ нь нэгдүгээрт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйтэй, хоёрдугаарт, хяналт сул байдагтай холбоотой гэнэ. Судлаач Х.Түмэндэлгэр “Монголчууд уламжлалт сэтгэлгээнээсээ салахгүй байгаа учир жорлонгийн хувьсгал хийж чаддаггүй. Эко, байгальд ээлтэй, био, сайжруулсан гэх янз бүрийн тодотголтой ариун цэврийн байгууламж барьж буй эдгээр нь стандартын шаардлагад нийцдэггүй. Материал, хэлбэр хийцийг нь өөрчлөөд л өнөөх уламжлалт, модон жорлонгоо барьчихдаг. Тэгээд үүнийгээ “гоёор” нэрлэдэг.
Иргэд ч, аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй. Бусад улс жорлонгоо хэрхэн илүү байгальд ээлтэй, боловсронгуй болгох вэ гэдэг асуудал дэвшүүлж байхад манайх суултуурын цаас (халдвар, бохирдлоос сэргийлэх зорилгоор суултуурын тавцанд суурилуулдаг, автоматаар солигддог) ч хэрэглэж хэвшээгүй. Модон жорлонгоос салъя гэвэл уламжлалт сэтгэлгээнээсээ ангижирч, стандартаа таниулах нь чухал” гэсэн юм. Харин Монголын жорлонгийн холбооны ерөнхийлөгч, ШУТИС-ийн багш, доктор Д.Басандорж “Жорлонгийн хувьсгалыг эхлүүлье гэвэл нийтээрээ чармайх хэрэгтэй. БНХАУ ийм хөдөлгөөн өрнүүлээд, долоо дахь үедээ явж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөнөөс гадна хандлага, сэтгэлгээ чухал” хэмээн ярилаа. Өөрөөр хэлбэл, нийтийн хандлага, сэтгэлгээг өөрчилж байж стандартаа хэрэгжүүлнэ, ус, хөрс бохирдуулагч жорлонгоосоо сална гэсэн санааг тэд хэлэв.
Манай улсад ариун цэврийн байгууламжтай холбоотой хоёр стандарт байдаг аж. Нэг нь Ариун цэврийн байгууламжийн стандарт MNS 6279:2011, нөгөөх нь Нүхэн жорлон, угаадасны нүхний техникийн шаардлага MNS 5924:2015. Эдгээрт шаардлага хангасан буюу Монголд ашиглахыг зөвшөөрсөн ариун цэврийн байгууламжийн төрлийг маш нарийн, ялгаа заагтайгаар тусгасныг БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан дурдлаа. Тухайлбал, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон, битүү тунгаагууртай, бохир ус соруулдаг цооногтой, агааржуулагчтай, био шийдэлтэй ариун цэврийн байгууламжийг шаардлага хангасан гэж үздэг юм байна. Товчхондоо бол хөрс, усанд халгүй шийдэлтэй гэсэн үг. Ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон жорлон бохир усаа тогтмол гадагшлуулдаг учир хүрээлэн буй орчинд ямар нэг эрсдэл үүсгэдэггүй. Битүү тунгаагууртай ариун цэврийн байгууламж бохир усан дахь үл уусах хольц болон шим бодисыг агааргүй орчинд бактерийн тусламжтай эрдэсжүүлж тунгаах замаар лагийг юүлж, цэвэрлэдэг учраас байгальд халтай бохирдол үүсгэдэггүй аж.
Соруулдаг цооногтой жорлонд хуримтлагдсан бохирыг тогтмол зөөж, халдваргүйжүүлэх боломжтой тул ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсонтой адил гэж үздэг гэнэ. Бохир гадагшлуулах хугацаа нь л ялгаатай. Бохир агаарыг өөрийн урсгалаар нь гадагш зайлуулах дээврээс гарсан хоолой бүхий шийдэлтэй (салхивчны хоолойн доод төгсгөл нь гишгүүрээс доош байрлана), агааржуулагчтай байгууламжийг шаардлага хангасанд тооцдог байна. Харин био жорлон гэж нүүрстөрөгчөөр баялаг материал (хаягдал хүнсний ногоо, сүрэл, өвс, үртэс, үнс зэрэг) ашиглан хүний ялгадсаар үнэргүй, хор нөлөөгүй бордоо хийх зориулалттайг хэлдэг ажээ. Үүнийг өөрөөр хуурай жорлон гэж нэрлэдэг. Эдгээрийн аль нэг шийдлээр жорлонгоо барьсан тохиолдолд стандарт хангасан гэж үзэх нь. Технологийн шийдлээс гадна ашиглахад тохиромжтой материал зэргийг дээрх стандартад зааж өгчээ. Гэр хороолол, орон нутаг дахь жорлонгуудын дийлэнх нь агааржуулалтгүй, бохироо хөрсөнд шингээдэг шийдэлтэй байдаг нь нөхцөл байдал иймдээ тулах, орчны бохирдол, халдварт өвчин гаарах шалтгаан болжээ. Хаана, ямар газарт ашиглахаас хамаараад ариун цэврийн байгууламжийн төрлөө сонгох боломжтой.
Тэрнээс биш, гэр хороололд заавал ийм төрлийн жорлон барина, аж ахуйн нэгжүүд үүнийг ашиглана гэсэн нарийн зохицуулалт байхгүй. Гол нь шаардлага хангасан төрлүүдээс сонгох ёстой. Тухайлбал, гэр хороолол, төв сууринаас хол бүс буюу шугам сүлжээнд холбогдоогүй газарт бол битүү тунгаагууртай, агааржуулагчтай, био жорлон тохиромжтой гэнэ. Харин авто зам, аялал жуулчлалын бүс зэрэг ачаалалтай газарт бохир соруулдаг цооногтой, эсвэл бага оврын цэвэрлэх байгууламжтай жорлон тохиромжтойг судлаач Х.Түмэндэлгэр хэлэв. АНУ-ын тусгай хамгаалалттай газрууд гэхэд ийм цооногтой, агааржуулалтын хоолойтой ариун цэврийн байгууламж нэвтрүүлсэн нь олон улсад сайн жишиг болжээ. Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг дахь Мэдээллийн төвийн бие засах газрыг 2019 онд ийм загвараар хийсэн нь гадаад, дотоодын жуулчдын сэтгэлд нийцсэн ажил болсныг тэрбээр дурдав. Манай улс “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөр дэх “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” зорилтын хүрээнд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашигладаг хүн амын тоог 2025 онд 70, 2030 онд 75, 2050 онд 90 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор яам, агентлаг, холбогдох бусад байгууллага тал талд “бужигнаж” байна. БОАЖЯ-ны захиалгаар стандартын шаардлага хангасан 2100 нүхэн жорлон хийх төсөл хэрэгжүүлж буй л гэнэ. БХБЯ-наас Чингэлтэй дүүрэгт 330 ариун цэврийн байгууламж барьж эхэлсэн аж.
Дээрх хоёр яам хамтраад Сүхбаатар дүүргийн XVIII хорооны 200 өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил хийж байгаа гэх. БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж” төслийн хүрээнд 15 аймагт сүүлийн үеийн шийдэл бүхий бие засах газар байгуулах ажил үргэлжилж буй сурагтай. ЭМЯ аймаг, сумуудын эрүүл мэндийн байгууллагуудын жорлонг шинэчлэхээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн мэдээ байна. “Жорлонгийн хувьсгал хийж, Монголоо аврах цаг болсон” гэсэн мэдээлэл, сурталчилгаа түгээж эхлэв. Нүхэн жорлонг халах, шинэчлэх хүсэлтэй, санаачилга гаргасан иргэд, аж ахуйн нэгжүүдийг төр бүх талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ зарлалаа. Гэвч ариун цэврийн байгууламжийн стандартын талаар ойлголт, мэдээлэл иргэд, олон нийтийн дунд хомс, төр үүнийг ямар байдлаар зохион байгуулж, хэрхэн хянах нь тодорхойгүй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эко жорлон” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ аялал жуулчлалын бүс, тусгай хамгаалалттай газрууд дахь стандартын бус жорлонгуудыг буулгуулж байгаа. Хамгийн гол нь тэдгээрийн оронд шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж чадаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Олон улсын байгууллагын зээл, тусламжийн өчнөөн тэрбум төгрөгөөр Хөвсгөлийн эрэгт байгуулсан шиг нүд хуурсан зүйл хийчих вий дээ. Тийм бол буулгаад ч нэмэргүй. Дээрх судлаачийн хэлсэнчлэн загвар хийцийг нь өөрчилсөн нүхэн жорлонгуудтай л үлдэнэ. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Одоос үүнд ямар хяналт тавьж байгаа талаар тодруулахад “Газар нутгийн онцлогоос хамаараад өөр өөр технологийн шийдэлтэй жорлон байгуулах шаардлага тулгарч буй. Үүнийг харгалзаж байна. Хамгийн үр дүнтэй, шалгарсан шийдэл нь бактерид суурилсан технологи. Мэргэжлийн үгээр, илүү ойлгомжтойгоор үүнийг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй” гэв. Ямартай ч улсын чанартай авто зам дагуух түр буудаллах цэгүүдийг нэгдсэн стандарт, зураг төслөөр, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байгуулахаар төлөвлөж буйг дуулгалаа. Уг нь зам дагуух худалдаа, үйлчилгээний төв, түр буу даллах цэг гэлтгүй тусгай хамгаалалттай, аялал жуулчлалын бүс дэх бүх ариун цэврийн байгууламжийг нэгдсэн стандарттай болговол сайнсан. Гэр хорооллыг ч орхигдуулж боломгүй. Нэгэнт бүх өрх орон сууцад амьдрах боломжгүйгээс хойш ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг нь сайжруулах, хянах чиглэлд анхаарахаас аргагүй. Энэ асуудалд тоомжиргүй хандсаныхаа горыг бид эрүүл мэндээрээ төлсөөр буй билээ.