“Ховд аймгийн хоёрдугаар сургуулийн сурагчийг үе тэнгийнх нь гурван охин нийлж зодсон. Зодуулсныхаа дараа эмнэлэгт очиж үзүүлсэн ч "зүгээр, гайгүй" хэмээн буцааснаас охин долоо хоногийн дараа амиа алдсан” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлээр тарсан билээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар, охин дээрх хэрэг явдлаас бус нагац эгчдээ зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан гэнэ. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-нд ээжийнх нь эмэгтэй дүү төмөр хөлтэй, модон тавцантай сандлаар 15 настай охины толгой руу нь цохисон аж. Улмаар тухайн үед гэрт байсан хүмүүст “Энэ талаар ярьж болохгүй” гэж дарамтлан мэдээллийг нуусан байна. Тэр өдрийн орой нь охин эмнэлэг дээр очиж толгойдоо боолт хийлгэсэн аж. Мөн нагац эгч нь “Дүүгээ би сандлаар цохисон, тэр сандлаа сая нуучихаад ирлээ” хэмээн бусдад ярьжээ. Өөрөөр хэлбэл, үеийнхээ хүүхдүүдэд зодуулсан гэх мэдээлэл нь ор үндэсгүй худлаа мэдээлэл юм байна. Нагац эгчийг нь хоёрдугаар сарын 8-ны өдөр цагдан хорьсон гэнэ. Ташрамд дурдахад нагац эгч нь 1980 онд төрсөн, архины хамааралтай нэгэн гэнэ.