“Хөгжлийн банк”-ны гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хянаж эхлээд буй. Өөрөөр хэлбэл, энэ оны нэгдүгээр сарын 25-нд шүүх хэргийг хүлээж аваад, хуульд заасан журмын дагуу ерөнхий шүүгчид нь хуваарилсан аж. НПГ-аас уг хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдаас хахууль авсан үндэслэлээр Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Л.Аззаяа, ТУЗ-ийн гишүүн, Зам, тээврийн хөгжлийн болон ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ийн дэд дарга асан Б.Даажамба, Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Сүхболд, Ц.Баярсайхан нарт яллах дүгнэлт үйлдсэн юм.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн тус банкны мэргэжилтэн Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, С.Батзориг, Г.Гантогтох, гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, тэргүүн дэд захирал байсан Ч.Энхбат, дэд бөгөөд Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, хэлтсийн дарга байсан Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, ТУЗ-ийн гишүүн Д.Бат-Очир, Ж.Оюунчимэг нарт яллах дүгнэлт үйлдсэн. Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Сангийн яамны газрын дарга асан Ж.Үхэртар, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байхдаа хүний аминд хүрч, ял шийтгүүлсэн, ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал нар үүнд багтжээ. Түүнчлэнэл банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, өдгөө банкандаа газрын даргаар ажиллаж буй Б.Амгалан, газрын дарга асан О.Батбаатар, ТУЗ-ийн гишүүнасанЧ.Отгочулуу (Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарын хэрэгт яллагдагчаар татагдсан ч шүүх цагаатгасан, АН-ын эрх бүхий албан тушаалтан), Ч.Нэргүй, ХХААХҮЯ-ны газрын дарга асан М.Баянмөнх, ТУЗ-ийн гишүүн, ХҮН намын нөлөө бүхий албан тушаалтан Б.Найдалаа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тус банкны газрын захирал асан Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан, эл банкны ТУЗ-ийн гишүүн Б.Батзаяа, Н.Баярчимэг, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Сангийн яамны хэлтсийн дарга асан О.Хуягцогт, банкны хэлтсийн захирал асан Б.Цолмон, Д.Даваасамбуу, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт яллах дүгнэлт үйлдсэн юм.
Хахууль өгсөн үндэслэлээр Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, тус банкны зээлдэгч “Инжир” ХХК-ийн зээлд нөлөөлсөн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт эрх бүхий албан тушаал хашиж байсан Э.Эрдэнэ болон Хү.Баттулга гэх хүнийг буруутгасан аж.
Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан “Модун” ХХК-ийн захирал Д.Батбаяр, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон нарт яллах дүгнэлт үйлджээ. Гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хамаарал бүхий этгээд болох Ё.Доржсумъяа, “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн охин Б.Цэлмэг, НВЦ ХХК-ийн захирлын хамаарал бүхий этгээд болох Б.Цэрэндаваа болон Ц.Цэвэгмэд, Б.Баттөр нарт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хахууль өгсөн, мөнгө угаасан хэмээн НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, “Инжир” ХХК-ийн захирал Б.Батбаатар, Ч.Өлзий болон Л.Ням-Очир нарыг буруутгажээ.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үндэслэлээр “Чингис хаан” банкны хөрөнгө оруулагч, “Мондулаан трейд” ХХК-ийн захирал Ш.Бүтэд, “Алтай групп”, “Алтай констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, “Монгол драй милк”-ийн эцсийн өмчлөгч Э.Эрдэнэбилэг, “Газ импорт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Мягмардорж, “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, “Сэлэнгэ герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж болон Г.Санжмятав, Г.Галсанням нарт яллах дүгнэлт үйлдсэн юм.
“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Болдмааг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт холбогдуулсан бол захирал Б.Мөнхтөрийг нь эл зүйл ангиас гадна мөнгө угаасан хэмээн буруутгасан байна.
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, мөнгө угаасан, хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан хэрэгт “Пирамид орд” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Г.Байгалмааг, санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн үндэслэлээр “Болор шүр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Содхүү болон Я.Батцэцэг гэх хүнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн аж. “Комплант” ХХК-ийн захирал О.Баярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн, устгасан гэмт хэрэгт буруутгаж байна. БСШУ-ы сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй юм.
Хахууль өгсөн хэрэгт “Инжир”, “Хааны харгуй” компанийг буруутгаж буй бол уг зүйл заалтаас гадна мөнгө угаасан хэмээн НВЦ, “Ганхүдэр орд” компанид яллах дүгнэлт үйлдсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг энэ сарын 15-ны 09.00 цагт явуулахаар товлон яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, НПГ-ын хяналтын зургаан прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн хоёр төлөөлөгч, шинжээч 10, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны төлөөлөгч 15, нийт 257 оролцогчид мэдээлэл хүргүүлсэн гэнэ. Дээрх шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны танхимыг судлах зорилгоор нийслэл дэх зарим шүүх рүү албан бичгээр хандсан боловч ачаалал их байгаа, 100-гаас дээш оролцогчтой шүүх хурал хийх заал байхгүйгээс “Боломжгүй” гэсэн хариу өгөөд буй аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулах багтаамжтай танхим, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломжгүй, хүч нөөц хязгаарлагдмал тул шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтээ ШЕЗ-д хүргүүлжээ. ШЕЗ бол Шүүхийн тухай хуульд зааснаар тус зөвлөл нь хэрэг, маргаан шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй билээ.
Бэлтгэсэн Г.Орчлон