Виртуал хөрөнгө буюу койн, токенд мөнгөө оруулж залилуулсан гэх дуулиан олны анхаарлын төвд байна. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт IHC гэх койныг гаргасан “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын гэр, ажлын байранд нэгжлэг хийж хойшлуулшгүйгээр албадан саатуулсан билээ. НПГ-аас тус компанийн удирдах албан тушаалтан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыгЭрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. Тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүх хүлээн авсангүй. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн дээрх саналыг хүлээн авахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүрэг хүлээлгэж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Виртуал хөрөнгөтэй холбоотой дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц болон цаг үеийн мэдээллийг ЦЕГ, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны албан тушаалтнуудтай хамтран өглөө. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга, хошууч Э.Сэргэлэнбаатар “IHC” койн гаргах замаар иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Цагдаагийн байгууллагаас прокурорт холбогдох саналуудаа хүргүүлсэн. Зах зээлд гаргасан хөрөнгөөсөө гадна дахин хөрөнгө нийлүүлсэн, эсэхийг шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд койн, токен гаргасан зарим хүнийг шалгаад, заримыг нь шалгасангүй гэх болсон. Цагдаагийн байгууллага бүх хэргийг шалгана. Хууль зөрчиж хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдэд хариуцлага тооцох, мөрдөн шалгах ажиллагаа явуулах асуудал яригдана” гэсэн юм. Мөн тэрбээр “Виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэргийг өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллага шалгаж байсан. Үүний дөрөв нь виртуал хөрөнгө гаргаж, иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэрэг. Өнөөдөр энэ тоо долоо болж өссөн. Цагдаагийн байгууллагын шалгасан 400 гаруй хэргийн 86 нь гадаадын криптовалюттай холбоотой. Харин 385 буюу 82 хувь нь дотоодын койн, токентой холбоотой байгаа юм. Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. ЦЕГ, СЗХ болон бусад байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
Тэгвэл СЗХ-ны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнх “УИХ 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль баталсан. Энэ хууль 2022 оны хоёрдугаар сарын 26-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Үүнээс хойш СЗХ болон төрийн байгууллагууд шилжилтийн үеийн зохицуулалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбогдох бүртгэлийг хийж байгаа. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ноос анх бүртгэл хийж эхэлсэн. Тус хуулиар өмнө нь явагдаж байсан “exchange” бус замаар олон нийтээс хувийнхаа дансанд хөрөнгө татах явдал зогссон. Зөвхөн СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид олон нийтээс хөрөнгө татах, шинээр койн, токен гаргах ажиллагаа хийж болох юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улс койн, токеныг хуулиар зохицуулаагүй. Койн, токен нь өндөр эрсдэлтэй гэдгийг СЗХ болон цагдаагийн байгууллагаас өмнө нь удаа дараа сануулж байсан. Тодруулбал, 2021 оноос хойш 30-40 удаа анхааруулга, сэрэмжлүүлэг гаргасан” хэмээв.