Монголчуудын нэг хэсэг хошуурч дагасан коинтой холбоотой, бусдын хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ. Иргэд сүүлийн хоёр жил коин хэмээн хошуурч, хадгаламждаа байсан болон үл хөдлөх хөрөнгөд оруулсан төгрөгөө үнэ цэн нь тодорхойгүй цахим мөнгө нэртэй тоо болгож хувиргаад зарим нь түүнийгээ эргүүлж олж авч чадахгүй алдсан гэхэд хилсдэхгүй. Коины эл шуургаар хэдхэн хүн хөрөнгөжсөн билээ.
Хуульд зааснаар бол энэ салбарын гол зохицуулагч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байх юм. Гэвч тэд хуулиа хэрэгжүүлсэнгүй. Иргэдийн мөнгийг өөрсдийн дансанд татан төвлөрүүлсэн хүмүүс юунд зарцуулсныг СЗХ-ныхон одоо болтол шалгалгүй, альньхуульбус, аль нь хуулийн дагуу арилжсан бэ гэдгийг нийтэд зарласангүй. Үүнээс болж иргэд хохироход хүрэв. Эх сурвалжуудын мэдээлснээр манай иргэд 70 орчим коинд 900 орчим тэрбум төгрөгөө өгсөн гэнэ. Хэд нь буцааж мөнгөө олж авах, эсэх нь тодорхойгүй. Тиймээс СЗХ-ныхон ажлаа хийгээд иргэдийн мөнгийг авсан хүмүүсийг шалгаж асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх л ёстой байж. Тэгэхгүй байснаар иргэд цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн өчигдрөөс зарим хүний ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа эхлүүллээ. Тодруулбал, IHC нэртэй коин гаргасан “Ихбит” ХХК-ийгүүсгэн байгуулагч болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг шалгаж “Галакси тауэр” төвийн 705 тоотод байрлах ажлын байр болон гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.19- ийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20-ийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж буй юм.
Коин болон виртуал хөрөнгөтэй холбоотой зарим мэдээллийг цагдаагийн байгууллагаас өчигдөр өгөв. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Манай хэлтэст сүүлийн долоо хоногт 12 гомдол ирсний дийлэнх нь крипто валютны цахим хэтэвчнээс мөнгө алдлаа гэсэн утгатай байгаа. Нийт 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цахим хэтэвчнээсээ мөнгө алддаг, нууц үгээ өгдөг хэрэг сүүлийн үед өсөж байна. Хортой холбоосуудад тухайн хэрэглэгчийн коиных нь нэрийг бичээд, “Урамшуулал зарлалаа, үүнд орж нэр, мэдээллээ өг” гэсэн мессеж илгээгээд нууц үгийг нь олзолж, түүгээр нь нэвтрэн залилж байна.
Мөн, иргэд өөрсдөө бие биедээ итгээд цахим хэлбэрээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор коиноо шилжүүлээд алдах тохиолдол ч их байна.
Түүнчлэн крипто валют эзэмшигчийн утасны дугаар, и-мэйл хаяг, хувийн мэдээллийг өөрчлөөд, коин хэлбэрээр гадаад руу гаргах тохиолдол гарах болсон” гэлээ.