Валют арилжааны “Найман шарга” захад өчигдөр юанийг 501-502 төгрөгөөр худалдан авч, 503-504-өөр борлуулж байв. Энэ нь 10 хоногийн өмнөхөөс уг валютыг худалдан авах, зарах ханш 9-10 төгрөгөөр нэмэгдсэн дүн боллоо. Тус захын нэгэн ченж “Замын-Үүд-Эрээний боомтын зорчих хөдөлгөөнийг нээх сургаар иргэд юань худалдан авах нь нэмэгдэн, ченжүүд үнийг нь өсгөлөө гэж ярьж буй нь өрөөсгөл. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцсээр ам.доллар 7.1 орчим юаньтай дүйж байсан бол өдгөө 6.8-тай тэнцэн, юанийн ханш чангарсан. Энэ нь Монголд юанийн ханш өсөх шалтгаан боллоо хэмээн харж байна. Урд хөршийн үйлдвэрүүд идэвхтэй ажиллан, хилийн хорио цээрээ сулруулж, бараа, бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлт нэмэгдэж байгаа учраас цаашид мөнгөн тэмдэгтийнх нь ханш өсөх байх” гэв. Ташрамд дурдахад, Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр юань 501.94 төгрөгтэй тэнцлээ. Зарим шинжээч эл дүнг анх удаа 500 төгрөгт хүрлээ хэмээндурдсан байв.