Дэлхийн агаарын спортын холбооныхон Монголын нисэх загварын холбооны санал хүсэлтийг хүлээн авч, уран жолоодлогот загварын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх өгчээ. Тодруулбал, олон улсын чанартай хоёр тэмцээн ирэх жил манай улсад болно. Эхнийх нь ирэх наймдугаар сарын 9-11-нд болох “Зуун билэг цом-2023” аж. Тус тэмцээнийг Монголын нисэх загварын холбооныхон “Шинэ зуун билэг” олон улсын сургууль, “Зуун билэг” клубтэй хамтран зохион байгуулах нь. Мөн наймдугаар сарын 12-14-нд “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Уг тэмцээнийг дасгалжуулагч Д.Занабазар агсны нэрэмжит болгон, “Занабазарын дурсгалын цом” хэмээн нэрлэжээ.