Э.ДОЛГИОН
Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Энэ сэдэв маш өргөн хүрээтэй яригдаж, тэр хэрээр анхаарал татдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд дорвитой өссөн нь үгүй. Эдүгээ нүүрсийг тойрсон элдэв хууль бус асуудлаас үүдэн нийгмийн хэлэлцүүлэг өрнөжбуй ч хөрөнгө оруулалтынх нь хувьд бид хоцорсон л явж байна.
Нэгэн жишээ дурдахад, 2021 онд Хятад улс Индонезид 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Бангладеш улсад ес гаруй, хаа байсан Зимбабвед нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ. Уг нь эдүгээ Монгол Улсад маань нүүрснээс их зүйл алга, Хятадад нүүрснээс өөр хэрэгтэй зүйл байхгүй, газар зүйн хувьд манайхаас ойрхон газар үгүй гэлтэй. Тэгсэн атлаа эрэлт, нийлүүлэлтийн энэ зөрүүнд ухаалаг хандаж, Индонезийн түвшинд хүрч, 15 тэрбум ам.доллар татаж хараахан чадаагүй л байна.
Бидний тоодоггүй гадаадын хөрөнгө оруулалт гэжчухам юу вэ. Товчхондоо энэ бол дэлхий даяар боломж эрэлхийлэн эргэлдэж байдаг үнэгүй мөнгөний урсгал. Хэн ухаалаг нь татаж, хэн овсгоотой нь эргэлдүүлж, очсон газартаа үнэ цэн нэмжбайдаг тийм л зүйл. Мөн шинээр технологи дагажирдэг, татвар төлдөг. Дэлхийн хэмжээнд аливаа улс нэг бол юмаа худалдаж хөрөнгө босгож болно, эс бөгөөс бонд юм уу зээлээр хөрөнгө босгож болдог. Эдгээрийн аль аль нь харьцангуй зардал ихтэй арга. Харин хөрөнгө оруулалт бол үнэгүй бөгөөд эрсдэлгүй байдаг учраас хамгийн том эдийн засагтай АНУ-аас эхлээд арлын Япон, Сингапур гээд бүхий л орон, олон компани гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд мачийдаг гэлтэй.
Монгол Улс уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт хамгийн их татдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын арван төгрөг тутмын зургаа нь энэ салбар луу ордог байна. Одоохондоо ганц гялайж гялтайх салбар нь тэр. 2011 оноос эхлэн уул уурхайн салбарын үзүүлэлт огцом дээшилж, эдийн засаг мөн адил өсөхөд гадаадын хөрөнгө оруулалт л нөлөөлсөн билээ. Тухайн үедээ Монгол Улсыг одоогийн Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулж буй улстай зүйрлэж, Ази дахь дараагийн Катар гэж хүртэл нэрлэж байв. Оргил үедээ гадаадын хөрөнгө оруулалт тухайн үеийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний талаас илүү хувийг нь эзэлж байсан юм. Гэвч богино хугацаанд огцом өссөн гадаадын шууд хөрөнгө оруулалт дэлхийн эдийн засгийн хямрал зэрэг гадаад орчин, улс төрийн тогтворгүй байдал гэх дотоодын нөхцөлөөс шалтгаалан буурсаар өдий хүрэв.
Энэ сэдэвт нэг зүй тогтол ажиглагддаг. Гадаадын хөрөнгө оруулалт татсанаар тухайн оронд цалин өндөртэй ажлын байр олноор бий болдог, эдийн засаг өссөнөөр иргэдийн амьжиргаа дээшилдэг. Тэгэхээр иргэд амьдрал ахуйгаа өөд нь татъя гэвэл гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг хэдий чихнээс хол сонсогдож байж болох ч зүрхэндээ ойр байлгах хэрэгтэй байдаг гэлтэй. Тийм жишээ ч бидний амьдралд ойрхон. Оюутолгойн төсөл бол Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын шилдэг жишээ. Хэдий маргаантай, мэтгэлцээнтэй байдаг нь үнэн ч гэсэн Оюутолгойн уурхай дагасан олон мянган хүний ажлын байр, тэдний ардах гэр бүл, бараа, бүтээгдэхүүнээ тэнд нийлүүлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид, төлсөн татвар гээд бэлээхэн жишээ бий. Зүй нь ганцхан Оюутолгой төдийгүй дахиад 10 Оюутолгой байна гээд төсөөлөөд үзэх нь бодитой юм.
Газар зүйн хувьд далайд гарцгүй нь Монгол Улсын хамгийн сул тал болдог. Гэхдээ далайд гарцгүй ч гэсэн монголчууд тархиндаа гарцтай үндэстэн гэж сонсож байсанчлан гарц үргэлжбий. Орчин үеийн эдийн засгийн гол тулгуур нь гадаадын хөрөнгө оруулалт учраас л энэ сэдвийг тоохгүй орхиж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, монголчууд дуртай, дургүйгээс үл шалтгаалаад дэлхийтэй хөл нийлүүлэн алхъя, иргэд сайхан амьдаръя гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг тоохоос өөр аргагүй гэсэн үг л дээ.
Сүүлийн үед жагсаал, цуглаан болж, тэр нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах тоолонд дотроо баярлаж байдаг нэг хэсэгтэй болсон нь харамсалтай. Яагаад гэвэл дотоодын үл ойлголцол ямар буйгаас үл шалтгаалан хилийн гадна бид бол нэг л Монгол. Гадаадынханд, тэр дундаа хөрөнгө оруулагчдад бид дотроо яаж, хэд хуваагддаг нь огт сонин биш. Судлаад явах зав ч тэдэнд үгүй. Монгол л бол Монгол. Энд бидний тоохгүй шахам зүйлийг хөрөнгө оруулагчид эрсдэлийн нүдээр харж, харьцуулж байдаг нь гэм биш зан учраас дээр дурдсанчлан ухаалаг нь татаж, овсгоотой нь эргэлдүүлж, очсон газартаа үнэ цэн нэмж байдаг тэр гадаадын хөрөнгө оруулалт гээчийг үргээхгүй, ичээхгүй баймаар.
Эдүгээ олон улсын түвшинд асар их өөрчлөлт гарч байна. Инфляц өсөж, өргөн хэрэглээний барааны үнэ Европоос эхлээд Америк хүртэл хаа сайгүй нэмэгдэж, эрчим хүчний хямрал, улс төрийн маргаантай асуудлаас үүдсэн зэвсэгт мөргөлдөөн төдийгүй нийгмийн болон улс төрийн өндөр эрсдэлтэй үед бид амьдарч байна. 2023 оноос эхлээд дэлхийг хамарсан санхүүгийн хямрал нэлээд урт хугацаанд үргэлжлэх нь судалгаануудаас харахад ч ойлгомжтой боллоо. Харин энэ үед монголчууд бидэнд буй нэг давуу тал бол нэгдмэл байдал. Үзэл бодлын зөрүүтэй, санал сэтгэгдэл адилхан биш байж болох ч Монгол Улсынхаа язгуур эрх ашиг дээр нэгдмэл байж чаддаг нь бидний мөнхийн давуу тал. Тийм учраас дотоодод буй үзэл бодлын зөрүүг эндээ хадгалах нь хамгаас чухал гэлтэй.
Нэг сайн мэдээ нь эдийн засаг, санхүүгийн хямрал гадаадын хөрөнгө оруулалтад тийм ч их нөлөөгүй гэдэг. 1997-1998 оны хямралын үед Зүүн Азийн орнууд дахь гадаадын хөрөнгө оруулалт буураагүй, 2008 оны санхүүгийн хямралын үед Азийн орнууд дахь хөрөнгө оруулалтын хэмжээ зарим оронд өссөн байдаг. “Ковид”-ын үед болон дараа нь Сингапурын эдийн засаг хамгийн сайн өссөн гэх мэдээ хүртэл бий. Олон улс дахь мөнгөний урсгал хэзээ ч зогсдоггүй, үргэлжнэг газраас тааламжтай нөгөө газар луу шилжиж байдгийн жишээ гэжболох юм. Монголчууд биднийг өнгөтэй, өөдтэй байхыг хэн ч хориглоогүй, биднээс л шалтгаална. Эцэст нь дурдахад, гадаадын хөрөнгө оруулалтыг даган шилждэг бас нэгэн чухал зүйл бол сайн технологи, хүний хөгжил. Тэгэхээр монгол хүний хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө гадаадын хөрөнгө оруулалтыг энэ л үед хүн бүр дэмжих нь зүйтэй. Дотоодод буй маргаан, үзэл бодлын зөрүүг эндээ л үлдээх нь хэтдээ амин хэрэгтэй байна.