Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох газрын удирдлагууд нийслэлээс 2025 оныг дэд бүтцийн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Туулын хурдны зам төсөл”, “Метроны депо төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой автозамын төсөл”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын одоогийн байдал ба Улаанбаатар хотын 2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний талаар нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
БОУАӨЯ-ны зүгээс дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд усны сан бүхий газрын онцгой болон эрүүл ахуйн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хориглолт, хязгаарлалтын бүс, тэжээгдлийн бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс, байгаль хамгаалах талаар анхаарах шаардлагатай асуудлын талаар зөвлөмж өгч, харилцан уялдаатай, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.