Лас-Вегас дахь Трамп зочид буудлын гадаа Tesla Cybertruck-ыг дэлбэлсэн этгээд нь АНУ-ын армийн тусгай хүчинд алба хаагч байсан төдигүй өмнө нь Германд Украины цэргүүдийг байлдааны эрдэмд сургадаг байжээ.
37 настай Мэттью Ливлсбергер тусгай хүчний тагнуулын түрүүч байсан гэдгийг Лас Вегасын шериф Кевин МакМахилл пүрэв гаригт мэдэгдэлд хийхдээ баталсан байна.
Ливлсбергерийн цэргийн үнэмлэх, паспорт мөн түүний нэр дээрх хэд хэдэн зээлийн карт, хоёр буу, iPhone гар утас , бугуйн цаг шатсан пикап машинаас олдсон байна.
Гэмт этгээд машинтайгаа цуг өөрийгөө дэлбэлж, цогцос нь танигдахын аргагүй шатсан тул ДНХ-ийн шинжилгээний дараа эцсийн албан ёсны тодорхойлолт гарна гэдгийг шериф тэмдэглэжээ.
Ливлсбергерийн цахим хуудаст түүний фашист болон Украиныг дэмжигч байсан гэдгийг нотлох хувцас, туг, гэрэл зургууд байв.
Мөн мөрдөн байцаагчид түүний намтар болон он солигдох мөчид Нью Орлеанд 14 хүний амийг хөнөөсөн цэргийн офицер Шамсуддин Жаббарын намтараас хэд хэдэн ижил төстэй зүйлийг олж илрүүлсэн байна.
Тэд хоёулаа Хойд Каролина дахь Форт Брагг цэргийн баазад алба хааж байжээ. Гэхдээ нэг цаг үе дор хамтдаа нэг ангид алба хааж байсан гэх нотлох баримт байхгүй аж.
Үүнээс гадна Жаббар ч Ливлсбергер ч 2009 онд Афганистанд байсан. Гэхдээ тэд тэнд уулзаж учирч байсан гэх мэдээлэл мөн байхгүй.
Одоогоор Холбооны мөрдөх товчоо Нью -Орлеан, Лас-Вегаст болсон халдлагууд хоорондоо холбоогүй бөгөөд аль аль нь ганцаараа ажилласан гэж үзэж байна.