Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй хэвтээ шахалтын классик төрлийн долоо, хэрэгсэлтэй төрлийн 15 дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд өчигдөр эхэллээ. Аваргуудаа энэ сарын 9-нд тодруулах тус тэмцээнд 23 багийн 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дотор ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож буй аж.
Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпийн алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ үзүүлжээ. Тэрбээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн юм. Энэ оны анхдугаар УАШТ-ээс шалгарсан тамирчид Норвегт ирэх тавдугаар сарын 17-24-нд болох хэвтээ шахалтын ДАШТ-д оролцох эрх авах нь.
Энэ удаагийн тэмцээний эхний дээд амжилтыг өсвөр үеийнхний 66 кг-ын жинд “Скай говь” клубийн тамирчин Б.Эрхэс шинэчилсэн. Тэрбээр цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил Азийн АШТ-ээс мөнгөн медальтай ирсэн билээ.