Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Зангиа портал” ХХК 2018 оноос хойш жил тутам хийж буй цалингийн ээлжит судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. 2024 оны судалгаанд эдийн засгийн голлох таван салбарын 102 компанийг хамруулсан бөгөөд тэдгээр дэх 264 албан тушаал, ажлын байрны цалин, урамшууллын мэдээлэлд үндэслэснээрээ онцлог аж. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 64.7 хувь нь өнгөрсөн онд цалингийн хэмжээгээ шинэчилж, дунджаар 19 хувиар нэмжээ. Тодруулбал, барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин 2023 онд 2.5 сая байсан нь өнгөрсөн жил 3.1, худалдаа, борлуулалтын мэргэжилтнүүдийнх 2.4 саяас 3.01 сая төгрөгт хүрч, тус бүр 24 хувиар өссөн байна. Энэ нь хамгийн их хувиар өссөн дүн гэнэ. Харин уул уурхайн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн чиглэлийн ажилтнуудынх өнгөрөгч оны мөн үеийнхээс 23 хувиар өсөн 3.6, мэдээллийн технологийнх 17 хувиар нэмэгдэн 3.62, уул уурхайнхных 13 хувиар дээшлэн 3.4 сая орчим болсон аж. Нэг жилийн хугацаан дахь өсөлтийн үзүүлэлтээрээ барилга, худалдааны салбарынх тэргүүлж буй ч хамгийн өндөр цалинг мэдээллийн технологи, уул уурхайн тоног төхөөрөмжийн ажилтан, ханган нийлүүлэгчид авч байна. Уул уурхайн салбар дундаа тоног төхөөрөмжийн операторууд хамгийн өндөр буюу 4.4 сая хүртэлх сая төгрөгийн цалин авдаг гэнэ.
Н.Мишээл