Зэсийн хэрэглээгээр тэргүүлдэг урд хөршид цар тахлын тархалтын эсрэг хэрэгжүүлж буй хязгаарлалтыг сулруулах хотуудын тоо нэмэгдсэнээр уг таваарын эрэлт өснө гэсэн хүлээлт үүссэнээс шалтгаалж үнэ нь дээшилсэн талаар “Reuters” уламжиллаа. Тодруулбал, өчигдөр тонн зэсийн ханш 8440 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн баасан гаргийнхаас 98 “ногоон”-оор өссөн дүн болов. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх шаргал металлын ханш 0.5 хувиар дээшлэн, тонн нь 8432 ам.доллартой тэнцлээ. Энэ талаар ANZ банкны шинжээчид “БНХАУ-д хязгаарлалтуудыг сулруулах нь зэсийн үнэд эергээр нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн тэмдэглэжээ. Ташрамд дурдахад, манай улс өнгөрсөн сарын эцсээр 1.26 гаруй сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар илүү дүн болсон юм. Улмаар экспортын гүйцэтгэл 104 гаруй хувьд хүрээд байв.
Бэлтгэсэн Б.Сонор