“Тусгаар тогтнол” олон улсын олимпиад эхэллээ. Тус олон улсын IV уралдааны нээлт өнөөдөр боллоо. “Тусгаар тогтнол” математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал гэсэн хоёр үе шаттай. Үндэсний ангилалд 13 аймаг, 6 дүүргээс нийт 2306 хүүхэд багачууд оролцсон байна. Үүнээс 260 сурагч алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын эздийг тодруулан шагналаа гардуулсан байна.
Олон улсын төвшинд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа олимпиадад Монголоос үндэсний олимпиадад шалгарсан 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөс гадна ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас 10 сурагч, Казакстан улсын ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас 8 сурагч оролцохоор хүрэлцэн иржээ.
Олон улсын олимпиадад оролцож цаашлаад байр эзэлж, медаль хүртэнэ гэдэг монгол хүүхдүүдийн хувьд дараа дараагийн амжилтынх нь эхлэл болох, томоохон түлхэц болдог.
Цар тахлын хөл хорио дэлхийн улс орнуудад цуцлагдсан тул уг уралдааныг энэ жил онлайнаар зохион байгуулаагүй бөгөөд Япон Улсын баг оролцохоо мэдэгдэж байсан боловч тухайн улсын хөл хорионы улмаас оролцох боломжгүй болжээ. Иран Улсын баг тодорхой шалтгааны улмаас ирээгүй байна. ОХУ-ыг төлөөлж Эрхүүгийн Улсын Их Сургуулийн харьяа Лицей сургуулийн захирал, физик-математикийн ухааны доктор Кузьмина Елена Юрьевна, Казакстан Улсыг төлөөлж Алма-Ата Хотын Физик-Математикийн Үндэсний Сургуулийн захирал, математикийн ухааны доктор Кунгожин Алмаз Мухамбетович нар хүрэлцэн ирсэн нь манай математикийн уралдааныг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл төдийгүй цаашлаад сургууль хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Олон улсын олимпиадыг 6-8 , 9-10, 11-12 анги гэсэн гурван ангилалд зохион явуулдаг бөгөөд 6-8-р ангийн ангилалд анги бүрийн эхний 10 орчим сурагч, бусад ангилалд нь анги бүрийн эхний 15 орчим сурагч, хөдөө орон нутгаас оролцсон хамгийн өндөр оноотой болон ядаж нэг бүтэн оноотой бодолттой сурагчдад нэмж эрх олгодгоороо онцлогтой.
Олон улсын олимпиад амралтын өдрүүдэд болж, даваа гаригт дүнгээ танилцуулна.
“Тусгаар тогтнол” математикийн үндэсний олимпиад нь “Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, “Олонлог” сургуулиудын үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалангийн санаачлагаар анх 2011 онд зохион байгуулагдсанаас хойш VIII дахь уралдаанаа амжилттай зохион байгуулаад байгаа бөгөөд олон улсын олимпиадын хувьд энэ жилийнх дөрөв дэх удаагийнх болж байна.
“Олонлог” төв сургуулийн 20 жилийн ой тохиож буй энэ тэмдэглэлт үед болсон Тусгаар тогтнолын математикийн уралдааныг Боловсролын Ерөнхий газар болон Улаанбаатар хотын захирагчийн алба дэмжин ажиллаж байгаа.
Сонирхуулахад, хамгийн анхны математикийн олимпиад 1894 онд Унгар улсад зохион байгуулагдаж байжээ. Манай улсад математикийн олимпиадыг анх Ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн багш нарын санаачлагаар 1960 онд Улаанбаатар хотын сонирхогчдын дунд зохион байгуулж байсан түүхтэй.