Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын ВАИН ХК-ийн захирал И Жэ Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр хот нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломжтой болсон. Ингэснээр нийслэл хөгжлийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх санхүүгийн шинэ механизмууд болох концесс хэрэгжүүлэх, үнэт цаас гаргах эрхтэй боллоо. Нийслэлд тулгамдаад буй томоохон асуудалд УИХ, Засгийн газар болон нийслэлийн зүгээс нэгдсэн байр суурьтай ажиллаж байгаа” хэмээлээ. Тэрбээр нийслэлийн түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлт, цахим шилжилт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд Улаанбаатар хот нээлттэй гэдгийг онцлов. БНСУ-ын ВАИН ХК нь барилгын дахин төлөвлөлтийн чиглэлээр болон олон шинэ төслийг улсдаа амжилттай хэрэгжүүлж иржээ. Тус компани нь Улаанбаатар хотын барилга болон дахин төлөвлөлтийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.