2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны 18.30 цаг Энхтайваны өргөн чөлөө буюу “Улаанбаатар” их дэлгүүрийн хойно байрлалтай автобусны буудалд “Таван шар” луу явахаар автобус 30 орчим минут хүлээгээд ирсэнгүй. Төв зам дагуу тээврийн хэрэгслүүд огт урагшлахгүй, түгжрэл үүссэн байв. Дээрх автобусны буудалд олон хүн зогсон, чиглэл, чиглэлийн унаагаа хүлээх аж. Даарсан зарим нь буудлын дэргэдэх жижигхэн ТҮЦ рүү орон, юухан хээхэн худалдан авч, цаг нөхцөөнө. ТҮЦ нь жижигхэн учраас 3-4-өөс илүү хүн орж чадахгүй байлаа. Автобус хүлээж байсан эмэгтэйгээс, хэр удаан зогсож байгаа, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч буйг нь тодруулав. Түүнийг Ч.Цогзолмаа гэдэг, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн юм байна. Тэрбээр “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох байгууллагад ажилладаг бөгөөд гэр, ажил хоёрын хоорондох зай нь 30 орчим км гэнэ. Ч.Цогзолмаа “Дүнжингарав”-аас гэр лүүгээ очихын тулд хоёр автобус дамждаг. нэг удаа энэ хавьд явж байсан учраас Зүүн салаа-“Нарантуул” чиглэлийн автобусыг цаг гаруйн хугацаанд хүлээж байна. Зам түгжрэлтэй болохоор тээврийн хэрэгслүүд огт хөдлөхгүй, бүгд зогсож буйг харж байгаа биз дээ. Уг нь төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчуулна гэдэг ч ингээд олон автомашин чихээд түгжрэл үүсгэчих юм. Төв замын хөдөлгөөнийг цагдаа зохицууллаа гэхэд бусад зам нь хоёр эгнээтэй учраас автобус мөн л олигтой хурдан явж, хүртээмжтэй үйлчилж чаддаггүй. Ер нь бүх авто замын нэг эгнээгээр автобус явуулбал арай дээр болж, илүү олон хүнд тустай байх сан. Би гэхэд өглөө, оройд тус бүр багадаа хоёр, ихдээ 4-5 цаг хүйтэн автобусанд, зогсож явдаг” гэж ярилаа. Уржигдар 18.30-20.00 цагт Үндэсний төв номын сангаас урагшаа Зайсан, мөн төв зам руу чиглэсэн хөдөлгөөн зогссон, замын түгжрэлээс шалтгаалан автобус ирэх нь цөөн, буудлуудад хүмүүс олон байв. Түүнчэн 21.00 цагийн үед авто замын түгжрэл арай гайгүй болсон ч автобус ирэхгүй мөн л удлаа. Тодруулбал, 21.30 цагт Үндэсний төв номын сангаас III, IV дүгээр хороолол чиглэлд явах автобусыг 40 орчим минут хүлээж байж суув. Уг нь эл маршрутаар дөрвөн өөр дугаар бүхий автобус үйлчилдэг ч зөвхөн Зайсан-III, IV хороолол гэсэн нь л ирсэн юм. Мэдээж цаг оройтсон учраас автобус дүүрэн хүнтэй, хүйтэн, тухгүй байв. Жолоочоос нь яагаад ийн удаан хүлээлгэж байгааг лавлахад “Авто замын ачаалал дийлдэхгүй байна шүү дээ. Гэлдэрсээр явж ирлээ” хэмээн халаглав.
Өчигдрийн 08.30 цагт Баянгол дүүргийн нутаг, III-IV И-март” худалдааны төвийн замын урд талын буудлаас хотын төв орохын тулд 20 орчим минут автобус хүлээж байгаад суув. Авто зам түгжирч эхлэх дөхсөн ч арай тэг зогсоогүй, агаарын хэм -27-д хүрч, жавар тачигнаж, утаа манан хөшиглөсөн Улаанбаатарын өглөө. Иргэд буудалд уван цуван ирсээр нэлээд олуул болсон ч автобус ирэх нь цөөн аж. Тэнд зогсож байсан, охиноо дагуулсан эрэгтэйгээс хаашаа явж байгааг нь болон нийтийн тээврийн хүртээмжийн талаар сонирхлоо. Баянгол дүүргийн иргэн Ч.Батнягт “Охиноо Баянбүрдийн ойролцоо сургуульд нь хүргэж өгөхөөр явна. Манайх автомашинтай ч хүйтэнд царцаад асаагүй, хөдөлгүүр нь эвдэрсэн бололтой. улаан гарааш, зогсоолгүйгээс энэ өвөлдөө засуулж, янзлуулж чадахгүй юм шиг байна. Тиймээс хоёр долоо хоногийн өмнөөс автобусаар зорчих болсон. Иргэдэд үйлчилж буй автобус нэг саяас дээш хүнтэй буюу метрополис хотод дэндүү цөөдөж байна. Энэ бол зарим автобусны эцсийн буудал боловч эндээс хүмүүс дүүрэн суугаад хөдөлдөг. Тиймээс автобус замаасаа хүн нэмж суулгах ямар ч боломж байхгүй, дэмий шахам зогсоод ганц хоёр хүн оруулаад, арай гэж хаалгаа хаагаад л явдаг. Байнга чихэлдэж, даарч явдгаас хүүхдүүд тун их ядарч, ундууцах юм. Мөн манайд ашиглаж буй автобус ийм хүйтэн цаг агаарыг тэсвэрлэх, дулаанаа хадгалах тал дээр учир дутагдалтай байх. Автобусанд жижиг хэмжээтэй ганц хоёр халаагуур ажиллуулдаг ч маш хүйтэн. Нийтийн тээврээ шинэчилж, иргэдэд ээлтэй болгохгүйгээр улсын хөгжил ярих хол байна даа” хэмээсэн юм.
“Хүмүүсээ хойшоо сайн яваад өгөөч, ганц хоёр хүүхэд, залуус суулгаад хөдөлье. Бариулнаас тас зуураад огт хөдлөхгүй юм, хойно зай байна даа” хэмээн зорчигчдоо загнах, учирлахыг оролдсон жолоочтой автобус бол гэмтлийн эмнэлэг-Сансар чиглэлийнх. Хойшлох зай үгүй ч иргэд чадах ядахаараа зайчилж, явахыг хичээж байв. Мэдээж дүүрэн чихсэн учраас нэмж хүн суулгах боломжгүй, тиймээс автобус хүлээн бээвийн зогсох улс дараагийнхыг нь ирэхийг харуулдан үлдэж байгааг цан болсон цонхны гол хэсэгт гаргасан, “дөрвөлжин нүх”-ээр хараад өнгөрөв.
Энэ бол нийслэл хотын нийтлэг дүр төрх. Аль ч чиглэлийн автобус буудал дээрээ цагтаа ирж, тэнд зогсох олон хүнийг бүгдийг суулган, замдаа түгжирч сааталгүй явах нь ховор. Ялангуяа ажлын цаг тарах буюу 18.00-20.00, ажил, хичээл цуглах 08.00-10.00 цагт ачаалал огцом өсөн, даарч хөрч автобус хүлээн зогсох иргэдийн тоо өсдөг. Мөн автобус ирэхгүй удаж байгаа нь дизелийн түлшний хомсдолоос шалтгаалж байж магадгүйг хэлэх хүмүүс ч байна. Дизелийн түлш хангалттай байхгүйгээс зарим компани автобусны тоогоо цөөлсөн, зогсоосон гэх яриа гарсан юм. Энэ талаар “Тэнүүн-Огоо” компанийнхнаас тодрууллаа. Тус компани Улаанбаатарт 11 чиглэлд 150 гаруй автобусаар үйлчилдэг юм байна. “Тэнүүн-Огоо” компанийн диспетчер “Дизелийн түлшний хомсдолын улмаас зарим автобусаа зогсоосон зүйл байхгүй. Манай хувьд өдөр бүр тээврийн хэрэгслүүдээ шатахуунаар цэнэглээд, хэвийн явуулж байна. Хамгийн гол нь Улаанбаатарын авто замын хүртээмж бага, автомашин олон байгаа учраас автобус шуурхай явах боломж улам бүр багассаныг хэлэх нь зүйтэй. Авто зам түгжирснээс аль ч чиглэлийн автобус урагшилж чадахгүй нэг газартаа удаан зогсдог. Хэрэв авто зам чөлөөтэй, уулзвар, гэрлэн дохиогоор нэвтрүүлэх чадвар өндөр байвал автобуснууд илүү саадгүй зорчих боломжтой. Үүнээс гадна бүх компанийн ашиглаж буй автобус элэгдсэн, халаагуур нь доголдолтой, стандартын шаардлага хангахгүй байгаа нь үнэн. Учир нь бид БНСУ-д цөөнгүй жил ашигласныг нь худалдаж авдаг шүү дээ. Автобусны компаниуд алдагдал хүлээх болсон. Учир нь карт уншуулах буюу өөрсдөө мөнгөө төлж зорчих иргэд өндөр настнууд, оюутнууд, хүүхдүүдээс хэзээд цөөн байсаар ирлээ. Тиймээс компаниудын орлого буурч, төлөвлөгөөт засвар, үйлчилгээгээ хийх, парк шинэчлэх боломж багасаад байгаа” гэсэн юм.
УУХҮЯ-наас дизелийн түлшний хангамж хэвийн, энэ сард ОХУ-аас татан авах ёстой 80 000 тонноо захиалж, баталгаажуулсан, мөн урд хөршөөс арванхоёрдугаар сард 20 000 тонн дизелийн түлш авах учраас доголдол үүсэхгүйг мэдээлсэн .
Нийтийн тээврийн асуудал шинэ юм биш. Хэзээнээсээ нийслэлийн нийтийн тээвэр нийт иргэддээ хүрч үйлчилж чаддаггүй, өвөл хүйтэн, зунд халуун, байсаар ирсэн нь үнэн. Мөн парк шинэчлэл дорвитой хийж чаддаггүй, БНСУ-д ашиглаж байсан хуучин автобусыг хэрэглэсээр ирсэн учраас автобус агааржуулалт сайтай, бүхээг дулаан байх боломж байдаггүй. Түүнчлэн нийслэл дэх авто замын хэмжээ тун бага. Аль ч дүүрэг, хороололд оргил ачааллын үед авто замын түгжрэл үүсэн, ямар ч тээврийн хэрэгсэл зорчих нөхцөлгүй болдог. Ингэснээр автобуснууд маршрутынхаа зөвхөн нэг чиглэлд гарч, “түгжигдэн” хүлээлт үүсгэх нэг нөхцөл болдог. Уг нь нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор дүүжин тээвэр, LRT зэргийг ашиглалтад оруулна хэмээн ярьсан ч ажил хэрэг болгохгүй байсаар өдий хүрлээ.