НЗД Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөс зарим саналаа эгүүлэн татахаар болсон талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Тэрбээр, “НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар боллоо.
Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр буруулах болжээ.
2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллароор Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хотын даргын зүгээс Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Сангийн яаманд төслийн нэгж байгуулах сонгон шалгаруулалтыг зарлахад иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг НЗДТГ-ын дарга томилсон байсан. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа тул энэхүү тайлбарыг хэлж байна.
Мөн Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Улаанбаатар хотын ундны усны нөөц, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх том төсөл тул ирэх жилүүдэд зайлшгүй хэрэгжих төсөл” гэлээ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан