Нийслэлд ирэх даваа гараг буюу энэ сарын 5- наас нийтийн тээврийн автобусыг 1 дүгээр эгнээгээр саадгүй зорчих журмыг сэргээж хатуу мөрдөхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр болжээ. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн байна.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгожээ.
Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.