Монгол Улсын хэмжээнд энэ сарын байдлаар 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас Улаанбаатар хотод 676,974 автомашин буюу 53,7 хувь орон нутагт 582,894 автомашин буюу 46,3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.
Үүнээс нийслэл хотын хэмжээнд приус маркийн тээврийн хэрэгсэл 133 235 буюу 10,5 хувийг эзэлж байгаагаас приус -20 маркийн тээврийн хэрэгсэл 67 456 буюу 50,6 хувь, приус -30 маркийн тээврийн хэрэгсэл 50 631 буюу 38,0 хувь, приус -40 маркийн тээврийн хэрэгсэл 15 148 буюу 11,3 хувийг эзэлж байна.
Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 4 жилийн байдлаар приус маркийн авто машины зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд 129 гэмт хэрэг, энэ оны эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгджээ.
Нэмэлт мэдээлэл: Авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу катализаторын ажиллагааны байдлыг тодорхойлох зорилгоор “Бензин хөдөлгүүртэй автомашин – утааны найрлага дах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг хэмжиж, харьцуулалт хийгдсэн гэнэ.
Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага.
БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8, Хятад дуураймал яндангаас 4.3 тус тус бага ялгаралтай байсан байна.
НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс 8%-иар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 %-иар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10%-иар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байсан аж.
Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь онц чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв