Үүдээ нээгээд сар гаруй болж буй “Чингис хаан” хаад язгууртны музейнхэнд хоёронтоо “хөөгдөв”. Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөр төрийн хүндтэй шагнал хүртсэн нэгэн эрхэм хүнээс ярилцлага авах хүсэлт тавихад тус музейн үзэсгэлэнгийн танхимд ирэхийг урьсан юм. Тэнд телевизийн ярилцлагад орох зуураа цаг гаргахаар төлөвлөсөн нь тэр байж.
Ингээд музейн хүлээн авахын ажилтнуудад сэтгүүлчийн үнэмлэхээ үзүүлж, учир байдлаа хэлээд, ямар ч саадгүй дотогш нэвтрэв.
Тэгтэл музейн өөр нэг мэргэжилтэн бүсгүй V давхарт угтан авч, байцааж гарав. “Хэн энд ирээрэй гэсэн бэ”, “Хаанаас зөвшөөрөл авав”, “Манай объектыг ашиглах бол урьдчилж мэдэгдэх ёстой”, “Хүлээн авахын ажилтнууд шууд нэвтрүүлж байна уу”, “Юу гэж хэлж орж ирсэн бэ” гэхчлэн асуултаар булж, илт дургүйлхсэн хандлага гаргасан юм. Яг тэр үед зочин маань ярилцах цагаа хойшлуулах хүсэлт гаргаснаар төвөгтэй байдлаас аврав.
Бид үүнээс хоёр хоногийн дараа ярилцахаар боллоо. Гэтэл уулзах газар нь дахиад л “Чингис хаан” музей байж таарлаа. Тэрбээр Монгол түүх, Чингис хааны байлдан дагууллын талаар лекц уншсаныхаа дараа цаг гаргахаар төлөвлөжээ. Музейд очтол төв хаалгаар нь нэвтрүүлсэнгүй. Лекц сонсохоор ирж буй хүмүүсийг хойд хаалгаар оруулах чиглэл өгсөн гээд “хөөв”. Ингээд арын хаалгаар нь ортол тэнд өлгүүр байсангүй. “Хувцсаа хаана өлгүүлэх вэ. Чухал арга хэмжээнд бээвийгээд оролтой нь биш” гэж гайхаж, сандралдсан хүмүүс бужигналдана. Лекцийн танхим байгаа VII давхарт гараад ч өлгүүр байтугай хувцсаа түр орхих газар олсонгүй. I давхар луу эргэн бууж, үүдний дэргэд суух бүртгэлийн ажилтанд гомдол мэдүүлж байж л тэндээс төв хаалганы зэргэлдээх өлгүүрийн хэсэг рүү очлоо. Хувцсаа өлгүүлэх гэж 20 орчим минут ийнхүү мунгинасан юм. Урдуур нь орж хувцсаа өлгүүлчихээд, хойд хаалга руу нь нимгэн нойтон гүйж байгаа оюутан, залуус ч харагдсан.
Яг үнэндээ шинэ музейн зохион байгуулалт, ажилтнуудынх нь харилцаа, хандлага хүлээлтэд хүрсэнгүй.
Будаг нь ханхалсан энэ музейг соёл, эрдэм шинжилгээний байгууллагын шинэ цагийн стандарт, жишиг хангасан гэж тодотгож буй.Тэрчлэн талбайн хэмжээ болон үнэт үзмэрээрээ Азидаа эхний 10-т багтахуйц хэмээн үнэлсэн. Гэтэл өнөөх музейнхэн нь менежмент, зохион байгуулалтын наад захын асуудлуудаа шийдэж чадалгүй мунгинаж, үйлчлүүлэгчдэд төвөг чирэгдэл учруулан, шилдэг, жишиг гэх чанараа бүдгэрүүлж байгаа нь харамсалтай. Хүлээн авахын ажилтнуудад шалгуулан дотогш нэвтэрсэн хүнийг өөр мэргэжилтэн “Яаж орж ирсэн бэ. Юу гэж хэлж нэвтрэв” хэмээн давхар байцаах нь бүдүүлэг биш гэж үү. Хэдхэн алхмын наана, цаана буй хоёр цахилгаан шатаар тусад нь зорчуулахын тулд үйлчлүүлэгчдээ өвлийн хүйтэнд хойд хаалга руугаа гүйлгэх нь хэвийн үзэгдэл гэж үү. Энэ бол үйлчлүүлэгчид тэдэнд муу тавих хангалттай шалтгаан. Үүнээс улбаалаад Монголд музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрхэн хэмжиж, үнэлдэг юм бол, ер нь энэ чиглэлийн стандарт бий юү гэдэг асуулт урган гарав.
Манай улсад музейтэй холбоотой маш олон стандарт, дүрэм, журам, заавар байдаг аж. Үүний ихэнх нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, тоолох, бүртгэх, баримтжуулах, зөөж, тээвэрлэх, мэдээллийн санд нэгтгэхтэй холбоотой юм байна. Мөн сан хөмрөг, үзүүллэгийн танхимын орчин нөхцөл, аюулгүй байдлыг чухалчлан тусгасан нь ч цөөнгүй. Хачирхалтай нь, үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой харилцааг зохицуулах, үнэлэх тусгай журам, стандарт алга. Үндсэндээ музейн байр сав, үзмэр, дурсгалд л “ач холбогдол” өгч иржээ. Өнгөрсөн жилээс мөрдөж эхэлсэн Музейн тухай хуульд ч үүнтэй холбоотой үг, өгүүлбэр алга. Музейн ажилтан, үйл ажиллагаа гэсэн арай ойр хоёр бүлэг бий ч нэгэнд нь соёлын үнэт зүйлстэй холбоотойгоор сан хөмрөгч, мэргэжилтнүүдэд тогтоосон хэм хэмжээг тусгасан бол нөгөөхөд нь ийм чиглэлүүдээр ажиллаж болно гэж жагсаалт гаргажээ. Тухайлбал, музей нь үзэл баримтлалынхаа хүрээнд боловсрол, танин мэдэхүйн ажил, сургалт зохион байгуулах, үзүүллэг дэглэх, үйлчлэх, гадаад, дотоодод үзэсгэлэн дэлгэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хэвлүүлэх, түгээх зэрэг үйл ажиллагаа явуулах эрхтэй аж. Ерөнхийдөө үйл ажиллагааных нь чиглэлийг ийм байдлаар тодорхойлоод, түүнээс цаадах асуудлуудыг нь орхигдуулжээ. Тэрчлэн “Музейн үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, эсхүл олон нийтийн зөвлөл хяналт тавьж болно” гэж тусгасан боловч эдгээр байгууллагынхан хуульд тодорхойлсон дээрх үйл ажиллагааны хүрээнд л хяналт тавьдаг гэнэ. Мөн “Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа музейн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дөрвөн жил тутам хараат бус хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэнэ” гэж заасан ч ажил хэрэг болгож эхлээгүйг Соёлын яамны эх сурвалж хэллээ. Тэгэхээр музейн менежмент, зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагааны үр дүнд бий болж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг бодитоор үнэлж дүгнэх боломж хомс бололтой.
Музей бол соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэгтэй ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага. Үүнээс гадна тухайн бүс нутгийнхаа түүх, соёлын аялал жуулчлалын гол маршрутад багтдаг, эх орныхоо нүүр царай болсон газар. Энэ талаас нь харвал зочлох үйлчилгээний байгууллагатай адилтгаж болохоор. Тиймээс зөвхөн сан хөмрөгч, хөтөч, тайлбарлагч, шинжээч, сэргээн засварлагчдын мэргэжлийн ур чадварт анхаарах бус, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож буй, гадаад, дотоодын иргэдтэй тулж ажилладаг үйлчлэгч, өлгүүрчин, ресепшн, харуул хамгаалалтын албаны хүмүүсийнхээ харилцаа, хандлагад ч санаа тавих хэрэгтэй. Жижиг гэлтгүй зүйлсэд ч ач холбогдол өгч, зорин ирсэн хүмүүст төвөг чирэгдэлгүй, соёлтой үйлчлэх нь чухал.
Өнгөрсөн сард ойрхон тохиосон Монгол бахархлын болон Улс тунхагласны баярын өдөр нийслэлийн томоохон музейнүүд бүгд амрав. Байгалийн түүхийн, Монголын үндэсний, Богд хааны ордон, “Чингис хаан” музейг эл өдөр зорин очсон хүмүүс цоожтой хаалга мөргөн буцсан. Иргэд, олон нийтийн музей үздэг хамгийн идэвхтэй, боломжтой үеэр, ялангуяа эх орныхоо түүх, соёл, Их эзэн хааныхаа үйл хэргээр “амьсгалсан” тэмдэглэлт өдрүүдэд музейнхэн үүд хаалгаа дангинатал цоожилсон нь зүйд нийцэмгүй. Магадгүй тухайн үед ажиллаад, өөр өдөр нөхөж амарч болох байсан шүү дээ. Энэ бол бас л оновчтой зохион байгуулалт, менежмент, нэгдсэн стандарт байхгүйн илрэл юм. Хотын аялал жуулчлалын гол маршрутад багтдаг томоохон музейнүүдийн цагийн хуваарьт цаашид онцгой анхаарах хэрэгтэй санагдана.
Одоогоор манай улсад төрийн болон хувийн өмчийн 40 орчим музей үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн орчин нөхцөл, барилга, байгууламж, сан хөмрөг, үзмэр, дурсгалын хадгалалт, хамгаалалт тийм ч сайн биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Төр нь заримынх нь байрыг булааж аваад, зориулалтын бус газарт толгой хоргодуулж байгаагаас л энэ бүхэн тодорхой харагдана. Олон улсын стандарт хангаж буй гэх ганц музей нь үйлчлүүлэгчдэд бөөн төвөг чирэгдэл, дарамт учруулах жишээний. Хурлынх нь бүгчим танхимд цаг гаруй лекц уншсан ахмад эрдэмтэн амьсгалын дутагдалд орж, муурч унах шахсан. Лекцэд нь суусан судлаач, эрдэмтэд ч заал, танхимынх нь агааржуулалт муутайг гайхаж байна билээ. Уг нь музейн барилга, байгууламжийн стандартаар бол гэрэлтүүлэг, агааржуулалт, чийгшил зэргийг нэн түрүүнд чухалчилдаг. Гэтэл шинэ музей энэ шаардлагыг хангаагүй бололтой. Ерөөсөө манай улсын музейнүүдийн үйл ажиллагаа явуулдаг орчин нөхцөл ч, үйлчилгээний чанар, хүртээмж нь ч тун тааруу аж.
Бэлтгэсэн И.Мишээл