Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнүүлдэг уламжлалтай. Манай улс 1997 онд үүнд нэгдсэн бөгөөд энэ жил 25 дахь удаагаа аян өрнүүлж байна. Эл аянаар дамжуулан жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг таслан зогсоох арга хэмжээ хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд аяныг “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн уриатайгаар өрнүүлж буй аж. Үүнд нэгдсэнээ илэрхийлэхийг хүсвэл цагаан тууз зүүдэг уламжлал дэлхий дахинд бий. Уг жишгээр аянд нэгдсэн төрийн байгууллагынхан болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнхэн өчигдөр энгэртээ цагаан тууз зүүсэн байлаа. Уг бэлгэдэл нь “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэдгээ амлаж буйн илэрхийлэл аж.
Бэлтгэсэн М.Оч